Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Зэвсэгт хүчний жанжин штабаас гарсан хэргийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зохион байгуулав. Хуралд ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр, Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа С.Баяр-Очир нар оролцлоо.
Мэдээллийн эхэнд бригадын генерал Ч.Цогтжаргал "Арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харамсалтай хэрэг явдал гарлаа. Цэргийн албаа хааж байсан нэг байлдагч маань амь насаа алдлаа. Байлдагчийнхаа ар гэр, төрөл төрөгсөд ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж, албаны хүрээнд энэ процессын талаар үнэн мөнийг тогтоохоор хичээж байна. Хэрэг гарсан өглөө 06.30 цаг орчим командлалын жижүүр над руу ярьж, ийм харамсалтай явдал болсныг надад мэдэгдсэн. Өглөө сэрэх команд өгөхөд талийгаач сэрээгүй тул очиж үзлэг хийн, эмч, жижүүрийн бүрэлдэхүүн очиход амь насаа алдсан байдалтай байна. Иймд дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа, бусад холбогдох албан тушаалтанд дуудлага мэдээлэл өгснөө хэлсэн. Тухайн үед шуурхай бүлэг томилсон. Одоо мэдэгдэж буйгаар байлдагч бусдын адил амрах дохио өгөхөд амарсан байна. Өглөө 06.00 цагт сэрээд команд өгдөг. Харин сэрэх дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг манай үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна. Зэвсэгт хүчний зүгээс талийгаачийн ар гэртэй холбогдсон. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийж байгаа тул тийшээ оруулах боломжгүй. Цагдаагийн байгууллага ба Шүүх шинжилгээний ерөнхий газраас эцсийн дүгнэлтийг гаргана" гэв.
Түүнчлэн цэргийн албаны бүх төрлийн шалгалт хийсэн. Одоогоор ямар нэгэн зүй бус харилцаа гараагүй, хоол унднаас хордсон эсэх нь тодорхойгүй байгаа хэллээ. Мөн ангид камерын хяналт бий. Камерын бичлэг алга болоогүй. Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрынхан очиж шалгасан. Цагдаа шалгасан. Эцсийн хариу гарахаас өмнө, бүх зүйл тодорхой болоогүй үед ямар нэг таамаг гаргаарай гэсэн юм.
Сүүлийн нэг хоёр жилд зэвсэгт хүчинд алба хаахаар ирсэн цэргийн алба хаагч амиа алдсан тохиолдол хэд хэд гарсан. Үүний мөрөөр ямар арга хэмжээ авч байгаагаа албаныхан хариулахаас татгалзлаа.