ХЭҮК-оос сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтыг сар бүр зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтаар албадан хөдөлмөр эрхлэлт гэж болох, хүний эрх хамгаалагч гэж хэн бэ, Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр гэж юу гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Монгол Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, хэрэгжүүлж байгаа нь олон улсаас өндөр үнэлгээ авсныг онцолсон. Хуульд "Хүний эрх хамгаалагч" гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ гэж тодорхойлжээ. Монголын нөхцөлд хүний эрхийг хамгаалагч нь бусдын төлөө тэмцсэнийхээ төлөө сэтгэл зүйн дарамт авах, аливаа эрсдэлд орох асуудал гардаг. Одоо хуулиар хамгаалдаг болжээ. Тухайлбал, хүний эрхийн хамгаалагчид ХЭҮК-т хандаж, эрхээ хамгаалуулж болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гаргаж нэр төрөө сэргээлгэх эрхтэй. Нэмж, Гэрч, хохирогчийг хамгаалах төвөөр хамгаалуулах эрхийг нь баталгаажуулж өгчээ. Нөгөө талаар, Хүний эрхийн хамгаалагч Үндсэн хуулиа дээдлэхээс авхуулаад олон улсын хууль конвенц мөрдөх, бусдын нэр төрд халдахгүй, ёс зүйтэй байх гээд олон үүрэг хүлээнэ. Тиймээс ХЭҮК-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн орон тооны бус хороо байгуулжээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн, эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий эл хороонд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнээс гадна өмгөөлөгч, хуульч, ашгийн бус хуулийн этгээдийн төлөөлөл багтжээ. Манай иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, оролцох нь элбэг болсон.
Гэвч сүүлийн үед зарим жагсагч тодорхой мөнгө авч, зохион байгуулалттайгаар тэмцдэг болсон. Тэгвэл эдгээр ёс зүйгүй үйлдэл гаргагчдыг хүний эрхийн хамгаалагч гэж үзэхгүй. Учир нь, хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулах, явуулахыг уриалах, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглах, хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаахыг дээрх хуулиар хориглодог. Үүнээс гадна ХЭҮК-т нэр бүхий дөрвөн иргэн хандаж, нэр төрөө сэргээлгэхийг хүсжээ. Комиссоос тэднийг хүний эрхийн хамгаалагч мөн гэж үзээд, дүгнэлт гаргасан байна. Улмаар эрсдэлийн үнэлгээ хийж, аюулын зэргийг тодорхойлж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталсны 75 жилийн ой өнөө жил тохиож буй. Дэлхий нийт эл ойг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Манай улс ч Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойд зориулж, цөөнгүй ажил хийж буйг ХЭҮК-ын дарга Ж.Хунан танилцууллаа. Улс орнууд ирэх сард Хүний эрхийн өдрөөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хэрэгжилтэд зориулж амлалт өгөх гэнэ.
Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах бичиг баримттай болох сууриа Монгол 1998 онд тавьж байжээ. Улмаар 2003 онд “Хүний эрхийг хангах, Үндэсний хөтөлбөр-I” баталж, 2011, 2022 онд хөтөлбөртөө үнэлгээ хийж, дүн шинжилгээ өгч байжээ. ХЭҮК энэхүү үнэлгээнд суурилан 2022 оны гуравдугаар сараас “Хүний эрхийг хангах, Үндэсний хөтөлбөр-II”-ийг боловсруулж, өдгөө дуусжээ. Ингэхдээ олон улсын байгууллагатай нягт ажилласан гэнэ. Өмнө нь эл хөтөлбөрийг Хууль зүй дотоод хэргийн яам боловсруулдаг байжээ.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын төслийн зохицуулагч А.Лхагвадэмбэрэл, Францын сэтгүүлч Чарльз Аутмэн нарын албадан хөдөлмөрийн тухай хичээл сэтгүүлчдийн оролцоотой, харилцан яриатай боллоо. Монгол Улс Хөдөлмөрийн тухай конвенцод нэгдэн орсон ч Албадан бус хөдөлмөрийг хориглосон конвенцод нэгдээгүй аж. Гэсэн ч бид албадан бус хөдөлмөрийг халж байж, Монголд хүний эрх, эрх чөлөө бүрэн дүүрэн хангагдах учиртай. Монголд цэргүүдийн дунд, хорих ангид дээрх төрлийн зөрчил гардаг байх магадлалтайг зохицуулагч А.Лхагвадэмбэрэл дурдсан. Мөн хувийн хэвшлийн байгууллагууд хөдөлмөрийн мөлжлөг гаргадаг аж. Харин сэтгүүлч Чарльз Аутмэн олон улсын сэтгүүлчид амжилт гаргасан хоёр тохиолдлын талаар мэдээлсэн. Гэмт хэрэгтнүүд оюутнуудыг Малайз улсад сургах хуурамч зар гаргасан байна. Балба, Бангладешийн олон олон оюутан их, дээд сургуульд суралцана хэмээн итгэж төлбөр төлж Малайзад ирсэн. Нэгэнт Малайзад хүлээж авах сургууль байхгүй тул тэд хар ажил хийсэн, хөдөлмөрийн мөлжлөгт орсныг сэтгүүлчид илчилжээ. Үүнийг бичсэн сэтгүүлч Пулитцерийн шагнал авсан гэнэ. Шагнал авсан сэтгүүлчид Чарльз Аутмэний сургалтад хамрагдаж байжээ. Дараагийн сурвалжилгыг АНУ -д хийжээ. АНУ загас маш ихээр импортолдог аж. Гэвч уг загасыг нийлүүлдэг компани загасчдыг хүнд хэцүү нөхцөлд ажиллуулдаг нь батлагдсан байна. Тиймээс АНУ сэтгүүлчдийн нийтлэлийн дараа хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн үр шимээс бүтээсэн бүтээгдэхүүний импортлохгүй байх хууль баталжээ.