Саяхан Хятад руу мордохынхоо өмнө Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз энэ айлчлалаа хоёр талын таагүй харилцаааг тогтворжуулахад “маш нааштай алхам” болно гэж хэлжээ. Тэвчээртэй, тунгаан бодсоны үр дүн болохыг ч тэрбээр онцолсон байна. Дөрөв хоног айлчлахдаа Шанхай хотод нээгдсэн импортын барааны томоохон яармагийг сонирхож, Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсан юм. 1973 онд Австралийн Ерөнхий сайд асан Уитлам Хятадад айлчилснаас хойш 50 жилийн дараа энэ үйл явдал тохиолоо.
Австралийн лейбористуудын тэргүүн Ерөнхий сайд болоод хоёр улсын харилцааг тогтвортой болгох амлалт өгсөн юм. Үнэхээр ч талууд бие биеийнхээ өөдөөс хэд хэдэн алхам хийснээр тууштай эвлэрч байна гэж шинжээчид үзэхэд хүрэв. Канберра, Бээжин хоёр өндөр түвшинд хэлхээ холбоог сэргээсэн нь харилцаа сайжрах эхлэл болсон гэж хэлж болно. Нэг жилийн өмнө Индонезийн Бали аралд болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энтони Албаниз анх удаа Ши Жиньпинтэй нүүр тулан уулзаж, хоёр улсын үндэсний эрх ашигт нийцүүлэн ажиллахаа илэрхийлжээ
Энтони Албаниз 2022 онд Ерөнхий сайд болсоор худалдааны томоохон түншийнх нь хувьд Хятадтай нөхөрсөг харилцаатай байхыг эрмэлзэхийн зэрэгцээ өсөн нэмэгдэж буй түүний нөлөөг эсэргүүцэж иржээ.
Хятадын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбиний хэлснээр Австралитай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байгаа бөгөөд Ерөнхий сайдын энэ айлчлалыг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцаагаа хөгжүүлэх боломж гэж үзэж буй аж.
Ши Жиньпин, Энтони Албаниз нарын уулзалт Бээжингийн Тяньаньмэний талбайд байх Ардын их хурлын ордонд болов. Үүнээс өмнө нь Албаниз Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян болон хоёр орны бизнесийн хүрээллийнхэнтэй уулзсан байв.
Канберра, Бээжин хоёрын харилцаа 2018 оноос эрс муудсан юм. Эхлээд үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэж Хятадын 5G технологиос Австрали татгалзсан, дараа нь гадаадын нөлөөг тунгалаг байлгах тухай хуулийг баталсан. Тэгэхдээ хоёр талын харилцаа 2020 оны хавар, тухайн үеийн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон цар тахал дэгдсэн нөхцөл байдалд олон улсын мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийг уриалахдаа тэр үед олонхын бодож байснаар үүнд гол буруутан нь Хятад юм гэх ойлголтыг хоёрдмол утгагүйгээр өгснөөр харилцаа бүр ч хурцадсан байна. Хариуд нь австраличуудтай сайд хийгээд түүнээс дээш түвшинд аливаа уулзалт хийхээс Бээжин татгалзаж Ногоон тивээс авах үхрийн мах, арвай, буудай, нүүрс, далайн бүтээгдэхүүн, дарсны гаалийн татварыг хятадууд эрс нэмжээ. Энэ нэмэгдэл нь нэлээд өндөр, тухайлбал, Хятадад гаргадаг Австралийн экспортын 40 хувийг эзэлдэг дарсны татварыг шууд 212 хувь ихэсгэснээр Австралийн дарсны үйлдвэрлэл дампуурлын даваан дээр ирсэн аж.
Австралийн лейбористуудын тэргүүн Ерөнхий сайд болоод хоёр улсын харилцааг тогтвортой болгох амлалт өгсөн юм. Үнэхээр ч талууд бие биеийнхээ өөдөөс хэд хэдэн алхам хийснээр тууштай эвлэрч байна гэж шинжээчид үзэхэд хүрэв. Канберра, Бээжин хоёр өндөр түвшинд хэлхээ холбоог сэргээсэн нь харилцаа сайжрах эхлэл болсон гэж хэлж болно. Нэг жилийн өмнө Индонезийн Бали аралд болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энтони Албаниз анх удаа Ши Жиньпинтэй нүүр тулан уулзаж, хоёр улсын үндэсний эрх ашигт нийцүүлэн ажиллахаа илэрхийлжээ.
Төрийн нууцыг гадаад улсад задруулсан хэргээр 2020 онд Бээжинд баривчилсан Австралийн сэтгүүлч эмэгтэй Чэн Лэйг Австралийн Засгийн газрын тэргүүн БНХАУ-д айлчлах тухай албан ёсоор мэдээлэхийн өмнөхөн суллахаар шийдвэрлэсэн нь сайн сайхны зайлшгүй дохио байлаа. Гэхдээ хоёр талын харилцаанд таатай ханддаггүй хүмүүс байсаар л байв. Тухайлбал, Австралийн иргэн, зохиолч, тагнуулын хэрэгт буруутгагдсан Ян Хэнцюнь одоо хэр нь Хятадын шоронд сууж байна. Түүнээс гадна Австралийн далайн бүтээгдэхүүнд тавьсан худалдааны хоригоо Хятад цуцлаагүй л байна. Аюулгүй байдлын асуудлаар Канберраг Вашингтоноос хамааралтай байдгийг нь ашиглан Австралийг Хятадын эсрэг өөрийн лагерьт татан оруулах гэсэн АНУ-ын үйл ажиллагаанаас олон талаар шалтгаалж хоёр улсын харилцаа муудсан хэмээн Хятадын уул уурхайн технологийн их сургуулийн Австралийг судлах төвийн орлогч захирал Чай Шилэй тэмдэглэсэн байдаг. Хятад, Австралийн харилцааг Тайвань анхааралтай ажиглаж, Хятадтай харилцаагаа тогтворжуулахын зэрэгцээ Тайванийн эрх ашиг, үнэт зүйлийг эрүүл саруулаар үнэлж, хамгаална хэмээн найдаж байдаг гэж Тайванийн Гадаад хэргийн яамны ажилтан Лю Юнцянь хэлсэн байна.
Энтони Норман Албаниз австралиэмэгтэй, итали эр хоёрын хүү болж 1963 онд Сиднейд төржээ. Австрали бүсгүй далайгаар аялж явахдаа Италийн иргэн Карло Альбанезетай танилцаж, тэдний “явдал” хэдэн сар үргэлжилсэн ч Карло нутагтаа нэгэнт сүй тавьчихсан байсан тул тэд гэр бүл болж чадсангүй.
Энтонийг 14 нас хүрэхэд ээж нь үнэнийг хэлж, ээжийгээ өөд болсны дараа 2002 онд эцгээ эрж эхлэв. Энтонийн хүү бяцхан Натан ч өвөөгийнхөө тухай асуугаад байх болсон аж. Энтони танил хүмүүсээрээ дамжуулан сурагласаар эцэг нь Италийн өмнөд нутгийн Барлетта хотод байгааг олж, 2009 онд Дэд бүтэц, тээврийн сайд байхдаа томилолтоор явах үедээ анх уулзжээ.
Албаниз Сиднейн их сургуульд сурч, эдийн засагч болоод улсынхаа “Commonwealth Bank”-д хоёр жил ажиллажээ. 1949 онд бий болсноос нь хойш парламентад лейбористууд төлөөлж буй Грейндлер тойрогт нэр дэвшин 1996 онд анх удаа Төлөөлөгчдийн танхимын гишүүн болов. Цаашдаа гурван жил тутам улиран сонгогдож байв. 2007 он Лейборист намд ээлтэй байж, сонгуульд ялж Албаниз Дэд бүтэц, тээвэр, бүс нутгийн хөгжил, орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагын асуудал эрхэлсэн сайд болсон төдийгүй Кевин Радд анхны Засгийн газраа эмхлэн байгуулахад Төлөөлөгчдийн танхимын тэргүүн болжээ. 2010 онд Жулия Гиллардын анхны Засгийн газарт мөн л энэ яамаа удирдах болсон байна. 2013 онд Лейборист намын даргаар улиран сонгогдсон Кевин Раддын орлогчоор ажилллав. Мөн онд Радд хоёр дахь удаагаа Засгийн газрыг тэргүүлэхэд Албаниз Ерөнхий сайдын орлогчийн албыг хоёр ч яамны сайдтай хавсран хашиж, Төлөөлөгчдийн танхимаа тэргүүлэв. 2013 оны есдүгээр сарын эхээр болсон парламентын сонгуульд лейбористууд ялагдал хүлээж, Раддын хоёр дахь Засгийн газрын бүрэн эрх дуусав.
Нэгэнт Радд огцорсон болохоор Лейборист намын шинэ тэргүүний сонгууль 2013 оны аравдугаар сард болж Албаниз жирийн сонгогчдын 60 хувийн санал хүлээсэн ч парламентын гишүүдийн 63.9 хувийн санал авсан Билл Шортен ялжээ. Түүний тэргүүлсэн сүүдрийн Засгийн газарт Албаниз сайдын суудал авчээ. 2016 оны долоодугаар сард парламентын сонгуульд Лейборист нам Төлөөлөгчдийн танхим дахь суудлаа 14-өөр нэмэгдүүлж, 69 суудалтай болсон ч либерал болон үндэсний үзэлтнүүд 151 суудлын 76-г нь авсан байв.
2019 оны тавдугаар сард болсон парламентын сонгуульд Лейборист нам бас л олонх болж чадсангүй. Билл Шортен намын даргаас огцорч буйгаа зарлалаа. Энтони Албаниз намаа удирдах болов. Ийнхүү тэрбээр сөрөг хүчний удирдагч болжээ. 2022 онд лейбористууд парламентын сонгуульд цөөхөн саналын илүүгээр ялалт байгуулж олонх боллоо. Энтони Албаниз тавдугаар сарын 23-нд Ерөнхий сайдын суудалд суув. Хэдхэн цагийн дараа аюулгүй байдлын асуудлаарх Дөрвөн талт яриа хэлэлцээнд оролцогч улсуудын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Токиог зорихдоо танхимынхаа түр бүрэлдэхүүнийг таван сайдын хэмжээнд тангараг өргүүлж амжсан байв. Таван сайдын дотор Гадаад хэргийн сайд Пенни Вонг багтаж, Ерөнхий сайдын хамт Япон руу мордсон байна.
2022 оны тавдугаар сарын 30-нд саналын хуудсыг тоолсон урьдчилсан дүн гарахад лейбористууд 76 мандат авсан байсан нь парламентад дийлэнх олонх болох болзол хангаж, нам нь дангаараа Засгийн газраа байгуулах эрхтэй болжээ. Маргааш нь Албаниз Засгийн газрынхаа бүрэн бүрэлдэхүүнийг зарлав. Австралийн түүхэнд анх удаа шашны асуудал эрхэлсэн сайдтай болсны зэрэгцээ арван эмэгтэй хүн яам толгойлох болсон нь урьд өмнө нь тус улсын түүхэнд байгаагүй тохиолдол болов. Сайд нар нь зургаадугаар сарын 1-нд албан ёсоор ажилдаа оров.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Энтони Албаниз нар 2023 оны гуравдугаар сарын 14-нд Америкийн Сан-Диего дэх тэнгисийн цэргийн баазад уулзаж, нийтдээ 368 тэрбум ам.долларын өртөгтэй усан доогуур явдаг атомын завь Австралид байгуулж өгөх болсноо зарлав. Энэ ажил 2040 онд дуусах аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцохоос татгалзсаны улмаас аюулгүй байдлын асуудлаарх Дөрвөн талт яриа хэлэлцээг Сиднейд хийхээр төлөвлөж байсныг цуцалснаа 2023 оны тавдугаар сарын 17-нд Албаниз мэдэгдлээ.
Албаниз 1980-аад оны эцсээр Кэрмел Тибатт гэдэг эмэгтэйтэй танилцав. Энэ бүсгүй хожим нь улс төрд орж, Шинэ өмнөд Уэльс мужийн Ерөнхий сайдын орлогч болсон байна. 2000 онд Албаниз, Тибатт хоёр гэрлэн, Натан гэх хүүтэй болов. 2019 онд эцэг, эхээ салахад хүү 18 настай болсон байв. Энтони Албаниз регби тоглох дуртай, дуу хөгжим сонирхдог.
Бэлтгэсэн: Р.Жаргалант