Хүний эрхийг хангах үндэсний хороо, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгээс “Хүний эрх 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн шинэчлэл” сэдвээр илтгэл тавихдаа “Хүний эрхийн мэдрэмжийг цаг хугацаатай харьцуулж, хүн бүр өөр өөрийн хэрэгцээ сонирхол, онцлогтой гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Тухайлбал, зарим хүнд эд баялаг чухал бол нөгөө хэсэгт нь үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх илүү чухал байдаг.
Тиймээс хүний эрхийг мэдрэмжээр хамгаалах шаардлагатай. Хууль нь хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд иргэнд эрх олгох биш, дарамт болсон хуулиудыг баталсаар ирлээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 400 гаруй хууль, мянга гаруй журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байсан. Харин одоо 2000 гаруй журам үйлчилж байна. Энэ нь хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэл булааж авсан гэдгийг илэрхийлж буй хэрэг. Эдгээрийг засаж, залруулах шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хүний эрхийг хангаж ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахын тулд төсөв, санхүүг бүрэн шийдвэрлэх хэрэгтэйг онцоллоо.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан “Сүүлийн 30 жилд НҮБ-аас хүний эрхийг хамгаалах чиглэлээр найман тусгай илтгэгч, хоёр ажлын хэсэг, бие даасан шинжээчид ажиллаж, зөвлөмж гаргажээ. Манай улсын хувьд хүний эрхийг хангах чиглэлд нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцын хэрэгжилт зохих түвшинд хүрсэн. Гэвч монгол хүний амьдралын чанар сайжрахгүй байна. Энэ нь хуулийн хэрэгжилт сул, төрийн байгууллагуудын хүнд суртал их, уялдаа холбоогүй ажилладаг, төсвийн хуваарилалт оновчтой биш байгаатай холбоотой.
Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-т 10 469 өргөдөл, гомдол ирүүлжээ. Үүнээс хөдөлмөрлөх, шүүхээр шударгаар шүүлгэх, халдашгүй, чөлөөтэй байх, төрийн албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, хүүхдийн болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол дийлэнх нь байна” хэмээн дурдлаа. Түүнчлэн “Монголын эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Хүний эрхийн ойлголтгүй улс төрч, төрийн албан хаагчдаас шалтгаалж хуулийн хэрэгжилт сул, иргэдийн эрх зөрчигдөж байна” гэсэн бол Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал “Хүний эрх зөрчигдөж, төрийн байгууллагынхан үйлчилж чадахгүй байгаа цэгт иргэний нийгмийнхэн ажилладаг. Өнгөрсөн хугацаанд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахыг оролдсон хууль, тогтоомж батлахыг оролдож ирсэн. Иргэний нийгмийн байгууллагад тавих хяналт, шалгалт ч ихсэж байна” гээд үйл ажиллагааг нь дэмжихийг уриалав.
Хэлэлцүүлгийн төгсгөлд академич С.Нарангэрэл “Хүний эрхийн талаар үндэсний болон олон улсын эрх зүйд олон янзын механизм байдаг. Монгол Улсын хувьд дайн дажингүй, шашин хоорондын элдэв маргаангүй, бие даасан байдал нь хүний эрх зөрчигдөхгүй байх давуу тал болж буй. Хүний эрх бол жам ёсны эрх. Жам ёсны эрхээ эдлэхэд хүн өөрөө ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. Нөгөө талаас хүн жам ёсны эрхээ эдлэхэд төрөөс нөлөөлж болохгүй” гэлээ.
Бэлтгэсэн: Б.Уран