Хөвсгөл аймгийн Мөрөн сумд өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 11-нд хүүхдийн “Ид шидийн орон” төв нээлээ. Төв барих ажлыг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлжээ. Тус төвийг нээснээр Хөвсгөл аймгийн 50 000 хүүхэд шинэлэг танхимд суралцах, төрөл бүрийн дугуйланд хамрагдах, хичээлээ тарсны дараа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинтой болж буй юм. Тодруулбал, “Ид шидийн орон”-д спортын болон шинжлэх ухааны өрөө, хөгжим, балет, бүжгийн танхим, номын сан байгуулжээ. Үүнээс гадна иж бүрэн компьютероор тоноглосон “Мөнх, Тунх” студи ч бий гэнэ. Энд хүүхдүүд дуртай анимейшнээ үзсэний дараа техник, технологийн хөгжлөөс бие даан суралцах боломжтой аж. Тэд нэгдүгээр давхарт ном уншингаа зэргэлдээ байрлах “Маgic cafе”-д тухлан, хүссэн амттанаа ч идэх боломж бүрдүүлжээ. Түүнчлэн гаднаа сагсан бөмбөг, волейболын талбайтайгаараа бусад төвөөсөө онцлогтой гэнэ. Энэ нь дөрөв дэх “Ид шидийн орон” бөгөөд санаачлагчид болон орон нутгийн иргэдийн хандив дэмжлэг, “Шидэт урц” ТББ-ынхны зохион байгуулсан үе шаттай арга хэмжээний хүрээнд нийт 872 824 193 төгрөгийн санхүүжилтээр бүтээн босгожээ. Үүнээс өмнөх “Ид шидийн орон”-ыг Дундговь аймагт барьсан билээ.