Улаанбаатар хотод орон сууцын үнэ өнгөрсөн сард 2022 оны мөн үеийнхээс 10.9, өмнөх сарынхаасаа 0.8 хувиар өссөн үзүүлэлт гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Аравдугаар сард шинэ орон сууцын ам метрийнх нь үнэ дунджаар 3.95 сая төгрөг байсан аж. Эл хугацаанд дээрх дүн Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.26 сая төгрөг байв. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцын ам метр нь 3.96, Чингэлтэйд 3.73, Баянголд 3.63, Баянзүрхэд 3.47, Сонгинохайрханд 2.6 сая төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Тэгвэл өмнөх сард хуучин орон сууцын ам метрийнх нь дундаж үнэ 3.47 сая төгрөг болсон байна. Сүхбаатар дүүрэгт ийм орон сууцын ам метрийнх нь үнэ 3.89 сая болсон нь хамгийн өндөрт тооцогдсон юм. Дээрх хугацаанд Хан-Уулд хуучин орон сууцын ам метр нь 3.87, Чингэлтэйд 3.8, Баянзүрхэд 3.28, Баянголд 2.98, Сонгинохайрхан дүүрэгт 2.54 сая төгрөгийн үнэтэй байсан аж.