Ялтан Ц.У нь энэ оны тавдугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, энэ оны долоодугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан “Ялтан нийтэд тустай ажил хийлгэж байгаа байгууллагын дотоод журмыг зөрчсөн, ял эдлүүлэх нийт хугацаанд ажлаа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан“ мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт заасан “...Ялтан зөрчил гаргаж шийтгүүлсэн, эсхүл энэ хуулийн 165.1-д заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солино...” гэж хуульчилсан байна.
Гэтэл ялтан нь энэ оны долоодугаар сарын 07-ны өдрөөс хойш нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, ажлын байраа дур мэдэн орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11 дүгээр зүйлийн 3, 37.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Ц.У-ын энэ оны тавдугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, түүний эдлээгүй үлдсэн 484 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.