Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс ес, өнгөрсөн жилийн эцсийнхээс 6.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Инфляц аравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс есөн хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.4 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийнх 6.4, хувцас, бөс бараа, гутлынх 7.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааных 7.5, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 7.6, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрных 16.9, боловсролын үйлчилгээнийх 16.8 хувиар дээшилсэн нь нөлөөлсөн байна. Улсын хэмжээнд инфляц есөн хувь гарсны дөрвөн нэгж хувь (44.4 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх байгаа нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй гэнэ. Инфляц өнгөрсөн сард есөн хувь болсны 3.2 нэгж хувь (35.6 хувь) нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсныг мөн дурдлаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатарт аравдугаар сард өмнөх сарынхаасаа 0.2, өнгөрсөн жилийн эцсээс 7.5, 2022 оны мөн үеийнхээс 9.4 хувиар өсжээ.
Бэлтгэсэн: Б.Сонор