Нийт нутгаар энэ сарын 3-наас эхэлж цас орсон. Үүний улмаас ойрын өдрүүдэд нийслэлийн гудамж, талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Халтиргаанаас болж хэр олон хүн гэмтсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийнхнөөс тодрууллаа. Цас орсноос хойш өчигдрийн байдлаар бэртэж гэмтсэн 179 хүн ГССҮТ-ийн төв эмнэлэгт, XI хороололд байрлах салбарт нь 35 гээд нийт 214 иргэн хандаж, тусламж, үйлчилгээ авчээ. Гэмтлийн дийлэнхийг гар, хөлийн хугарал, цуурал эзэлсэн гэнэ. Өнгөрсөн оны мөн үед тус эмнэлэгт 257 иргэн дээрх шалтгаанаар хандаж байжээ. Нийт нутгаар өнөө, маргаашдаа хүйтэн, уулархаг хэсгээрээ бага зэрэг цас хялмаалах аж. Энэ сарын 9-12-нд Увс нуурын хотгор, Халх голын сав нутгаар, говийн аймгуудын баруун хэсгээр бага зэргийн цастай гэнэ. Улаанбаатарт энэ сарын 10-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Иргэд гол, нуурын мөсөн дээгүүр автомашинтай гарахдаа осолдох, мөсөнд суух тохиолдол орон нутагт цөөнгүй гарч байгаа талаар ч онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. “Элентра” загварын суудлын автомашин нуурт осолдож, живснээс хоёр хүн амиа алдсан хэрэг Баян-Өлгий аймгийн Өлгий сумд өнгөрсөн ням гарагт болсон. Үүний дараа өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумд мөн ийм тохиолдол гарчээ. Тус сумын Цагаан дэрс багийн нутаг, Өргөн гарам хэмээх газар дахь Хэрлэн голд “Приус-30” загварын автомашин сууснаас дотор нь зорчиж явсан гурван хүн усанд осолджээ. Аймгийн Онцгой байдлын газрын аврагчид дуудлагын дагуу тухайн газарт очиход Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зорчигчдод тусламж, үйлчилгээ үзүүлэхээр авч явсан байсан гэнэ. Усанд унаж, осгосон иргэдийн нэгийнх нь бие эмнэлэгт хүргэгдсэний дараа эрс муудан, нас баржээ.
Монгол орны нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарсан ч гол, нуурын мөсний даац тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих хэмжээнд хангалттай бэхжээгүй байгаа аж. Иймд иргэдийг мөс цөмрөх, усанд осолдох аюулаас болгоомжлохыг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.