Хэнтий аймгийн Батноров сумын ЗДТГ-аас “Талын түмэн адуу” өв соёлын наадмыг энэ сарын 17-19-нд Хөхүүрийн талд ес дэх удаагаа зохион байгуулах тов гаргажээ. Түүхэн болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, адууны соёлыг сурталчлах зорилготой уг арга хэмжээг өнөө жил БОАЖЯ, Соёлын яам болон Хэнтий аймгийн ЗДТГ дэмжин ажиллаж, урьдынхаас өргөн цар хүрээнд явуулах зорилт дэвшүүлсэн байна. Наадам зохион байгуулах комиссынхон арга хэмжээний эхний өдөр зорин ирсэн жуулчдыг орон нутагтайгаа танилцуулж, “Тэнгэрийн андгай”, Бэрхийн далд уурхайн музей зэрэг хөшөөт цогцолбор, соёлын үйлчилгээний газруудаар аялуулах бол 18-нд үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлэх нь. “Талын түмэн адуу-2023”-ын нээлт тухайн өдрийн 11.00 цагт эхэлж, морьтой жагсаал, гэр музейн үзэсгэлэн, тайга нохой, сайхан хос шалгаруулах, сээр цохих тэмцээнээр үргэлжлэх аж. Харин сүүлчийн өдөр нь “Шургуу-2023” тэмцээн, богино зайн уралдаан явуулахаар төлөвлөжээ. Мөн жуулчид болон сонирхогчдод зориулан адуу зүслэх, эмнэг булгиулах зэрэг сонирхолтой үзүүлбэр, тэмцээн зохион байгуулахаар хөтөлбөртөө оруулсан байна. Энэ үеэр зохион байгуулах тэмцээн, уралдаануудад 40 адуучин бүртгэж, оролцуулах гэнэ.