Бид хэн нэгэнтэй уулзах газар, эсвэл гэрийн хаягаа заахдаа байнга ертөнцийн зүг, хамгийн өндөр барилгын нэрс ашигладаг. Гэвч хотын нөхцөлд замбараагүй төлөвлөлт, гэр хорооллын хэт нягтралаас хамаарч, олон тоо тайлбарласан ч тухайн хаягийг олж чадах, эсэх нь ээдрээтэй. Тэр ч бүү хэл, хаяг ээдрээтэйн улмаас шаардлагатай үед цагдаа, эмнэлэг, онцгойгийнхон ч заасан газарт очиход хүндрэл үүсэж байсан удаатай. Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Монгол шуудан” компани хамтран нэгэн шинэ технологи нэвтрүүлсэн нь “What3words” юм. Энэхүү технологийн шийдлийг ашиглан иргэд дурын гурван түлхүүр үг ашиглан хаягаа тодорхой заах боломж бүрдлээ. Албаныхан өчигдөр Сүхбаатар дүүрэгт 2059 “What3words” хаягт самбар байршуулснаа зарлаж, тухай газраа мэдээлэл өгөв.
Тухайлбал, ЦХХХ-ны сайд Н.Учрал Төрийн ордноос Сүхбаатар дүүргийн ...дугаар гудамжинд “Саальчин, түүхт, хүчээр” гэх гурван үг ашиглан төөрч будилалгүй шууд ирснээ онцлов. Цааш нь тэрбээр “Өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газар хаягжилтын асуудлыг шийдэхээр хичээж ирсэн. Өнөөдөр хаягжилт хэтэрхий эмх замбараагүй болсон. Ертөнцийн зүгээр хаягаа заадаг улс дэлхийд бараг үлдсэнгүй, Монгол л байна. Наад зах нь Яармагийн төддүгээр гудамж дахь хаягаа “Наад буудлаасаа баруун эргээд нэг худаг бий, түүнийг өнгөрөөд ирээрэй” л гэж заадаг.
Мөн газар нэгжийн талбар, шуудан, тухайн объект нэг л газар хэрнээ тус тусдаа хаягтай байдаг. Ялангуяа гэр хорооллын хаягуудыг тодорхой болгохгүй бол нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Хаягаа тодорхой болгоогүйгээс бид хүүхдүүдээ хамгаалж чадахгүйд хүрсэн. Яаралтай үед цагдаа, онцгой, эмнэлгийнхэнд хэлэх ч тодорхой хаяг байдаггүй. Хаягаа оновчтой хэлж чаддаггүйгээс тухайн байршлаар яаралтай тусламж үзүүлэхэд бэрхшээл гардаг. Ийм учраас “Ekids”-т“What3Words” аппликэйшнийг байршуулснаар илүү оновчтой зохицуулалттай болсон” гэв.
“What3words” гэдэг нь хаягжилтын систем юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд интернэтгүй үед ч энэхүүаппликэйшнийг ашиглан, түргэний эмнэлэг, онцгой, цагдаа дуудаж боломжтой. Мөн томчууд гэртээ урьсан зочны өөдөөс нь угтаж, “Одоо зүүн, дараа нь баруун, чигээрээ яв” гэх зэргээр заах шаардлагагүй. Тохиолдлын гурван үг сонгон, өөрийн байгаа газраа тодорхойлоод хаягаа танилдаа илгээснээр хаягийн илэрц тодорхой “замчилна”. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшихийг уриалсан. Улмаар эхний ээлжид E-Mongolia системийн “Ekids”-т цагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Барилга, хот байгуулалтын яамнаас хаягжилтыг хуульчлахаар хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгаа гэнэ. Гэвч хаягжилт муугаас үүдэн зарим талдаа хүүхдийн аюулгүй байдал хангаж чадахгүй байгаа учраас эхний ээлжид яаралтай тусламж шуурхай үзүүлэх “What3words” ашиглаж эхэлжээ. Цаашдаа эл хаягжилтын аргыг Монголд нутагшуулах юм байна. “What3words”-ийн гол онцлог нь тохиргоог 60 гаруй орны хэлээр орчуулсан бөгөөд 2013 онд Лондонд анх туршсан дэлхийн хаяг юм. Мөн Google-тэй албан ёсны холболт хийсэн аж.