Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар Говь-сүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн нутгаар үүлэрхэг, зарим хэсгээр нойтон цас орж байна. Олон улс, улсын чанартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын даваа, Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын Загастайн даваа, Улиастай-Алтай чиглэлийн авто замын Ганцын давааны цасыг цэвэрлэж хөдөлгөөнийг нээж, авто замаар зорчих тэврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам хэсэгчилсэн цасан бүрхүүлтэй Шарт, Бумбатын даваа халтиргаа гулгаатай байна. Шартын давааны км118-123 хооронд автогрейдэр- 1, цас арилгагч камаз-1, үйлчилгээний машин-1, ИТА-1, жолооч-2, замчин-4 замын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн Бумбатын давааны км 92-99-ийн хооронд автоачигч-1, үйлчилгээний машин-1, жолооч-2, замчин-3 тус тус замын аюулгүй байдлыг ханган механизмаар түрж цэвэрлэн давс цацаж байгаа аж.
Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын 35,2 км-ээс 65,4км, Улаанбаатар-Өндөрхаан 30.4-35.2км-н хооронд замын зорчих хэсгийн цасыг автогрейдерээр хусалт хийж, Улаанбаатар-Чойр чиглэлийн 30-65км-н хооронд зорчих хэсгийн цасыг цас шүүрдэгч машинаар хусалт хийх ажил үргэлжилж байна.
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 80км-87км-ын хооронд цасаар шуурч зорчих хэсгийн нэг тал хунгаралсныг авто ачигчаар хусаж цэвэрлэх болон бодис цацах ажил хийгдэж авто замын бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм.