Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд Дорноговийн зүүн, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна. Мөн нийт нутгаар шинэхэн орсон цасны улмаас явган шуурга шуурч, жавартай хүйтэн байна.
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
Иймд онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ. Түүнчлэн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.