Улаанбаатарт уржигдар буюу энэ сарын 1-нд цаг гаруйн хугацаанд бороо орсон. Энэ намрын анхны цас есдүгээр сарын дундуур Говь-Алтай аймгийн хэд хэдэн сумд орсон юм. Тэгвэл арваннэгдүгээр сард бороо орох нь хэвийн үзэгдэл, эсэхийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Балжиннямаас тодрууллаа.
Сүүлийн 30 жилд ийм үзэгдэл бүртгэгдээгүйг тэрбээр хэлэв. Энэ нь аравдугаар сард ч ховор тохиолддог үзэгдэл гэнэ. Олон жилийн дунджаар Монгол орны хэмжээнд аравдугаар сард ойролцоогоор хоёр удаа л бороо орсон гэж бүртгэгджээ. Энэ жилийн зун, намрын улиралд хур тунадас их орсон, хөрсний чийг хангалттай байгаа тул ойрын хугацаанд хүйтэрч, хөрс гүн хөлдөх магадлалтай аж. Түүнчлэн ирэх өвөл уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, зузаан цасан бүрхүүл эрт тогтох урьдчилсан мэдээ гарчээ.