Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, дэд дарга Ц.Жадамбаа, Ч.Өнөрбаяр нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. “Өрийн дарамтгүй Монгол” аяныг тус намаас хэрэгжүүлж, орон даяар иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзан, санал, бодлыг нь сонсож буй. Энэ талаар тус намын дэд дарга Ц.Жадамбаа “Улсын гадаад өрийн хэмжээ 33.8 тэрбум ам.доллар буюу 116 их наядад хүрчээ. Үүнийг иргэдэд хувааж үзвэл нэг хүнд 33 сая төгрөгийн өр ногдож байна. Би Баянзүрх дүүрэгт 20-85 насны 500 гаруй хүнийг хамруулсан судалгаа хийж үзлээ. Оролцогчдын 50 хувиас илүү нь өртэй байна. Тэд цалин нэмээч, боломж олдвол гадагш явж ажилламаар байна гэсэн санал хэллээ.
Бүх захад ажиллахад иргэдийн худалдан авах чадвар 50 хувиар буурчээ. Амьдрал хүндэрч байна. АН-ын үед тавьсан өрийг бид төлж байна гэж эрх баригчид хоосон улс төр хийхийн оронд хариуцлагатай ажилла. 2016 онд “Алтан тариа”-гийн гурил нэг кг нь 1970 төгрөг байсан бол өнөөдөр 125 хувиар өссөн байна. Кг ямааны махны үнэ 150 хувиар нэмэгджээ. Гэтэл энэ хугацаанд цалин дунджаар 77 ам.доллароор нэмэгдсэн ч нөгөө талд нь өргөн хэрэглээний барааны үнэ 60-150 хувь өссөн учраас ямар ч үр дүн гарсангүй. Тоо худлаа ярьдаггүй. 2022 онд төсөв ашигтай гарсан гэж дүгнэсэн. Гэтэл үүний тулд 2030 он хүртэл хүрч болохгүй байсан Ирээдүйн өв сангийн сангаас хуулийг нь өөрчлөөд, 4.1 их ная төгрөг авсан. ДНБ нэг хүнд 5000 ам.доллар гэж буй ч нэг айлын жилийн дундаж орлого 20 сая төгрөгт арай гэж хүрч байна. Төрийн өмчит 98 компани 2022 онд 2.1 тэрбум төгрөгийн ашиг олсны 1.9 тэрбумыг нь “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрдүүлсэн. Төрийн өмчит компаниуд нэг төгрөг олохын тулд 5-6 төгрөг зарцуулж байна. Ийм л үрэлгэн байгаа юм. Монгол Улс өрийг өрөөр дарж амьдрах “чөтгөрийн тойрог”-т орж, ирэх жилээс дефолт зарлах нөхцөлд хүрэх нь. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэсэн юм.
Ч.Өнөрбаяр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1991 оны, ардчилсан Үндсэн хууль батлахаас өмнөх, социалист хуулиар онцгой дэглэм тогтоож байгаа. Онцгой дэглэм тогтоосны өгөөж иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна. Энэ бол хуульгүй ажиллана гэсэн үг. Мөн Х.Нямбаатар хотыг удирдаж чадахгүй нь. Нийслэлд автомашины төлбөртэй бүс тогтоож, 27 500 төгрөгийн төлбөр авна гэлээ. Нэг өдөрт хэдэн хүн энэ бүс рүү ажилдаа ирдэг, хүүхдээ сургуульд зөөдөг тухай судалгаа байна уу. Иргэдийн амьдралыг хоосолж, бизнес эрхлэгчдээ тоночхоод хураамж нэмж авах тухай яаж ярьж чадаж байна аа. Энэ бол тонуул. Хуулиар дамжуулж хулгай хийдэг, ард түмнээ дээрэмддэг. МАН-ынхан төрөөр, Монголын хувь заяагаар, ард түмнээр хангалттай тоглолоо, одоо хариуцлагаа хүлээ. Түүнчлэн хорих ангид Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүсэн бичлэг цацагдсан. Хүний эрхийг зөрчиж буй энэ асуудлаар Засгийн газар яаралтай нээлттэй сонсгол хий” гэв.