Нэг дуулианыг нөгөөгөөр нь дардаг “монгол арга”-ын хүрээнд илэрхий болсон гэж хэлж болох, бас Засгийн газар төрийн тусгай сангуудын мэдээллийг нээлттэй болгосны үр дүн ч гэж саймширмаар үйл явдлын нэг нь Боловсролын зээлийн сантай холбоотой билээ. Өнгөрсөн хавар тус сангийн хууль бус үйлдлүүдийн талаар “шүгэл үлээсэн” Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн асан О.Сийлэгмаа хамгийн анх эл асуудлаар манай сонинд ярилцлага өгч олон нийтэд хүргэж байсан юм. Тодруулбал, манай сонины өнгөрсөн тавдугаар сарын 4-ний №087 (7646) дугаарт О.Сийлэгмаа “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг улсын төсөвт дарамт учруулахаар байна” гэсэн гарчигтай ярилцлага өгч, уг сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг талаар мэдээлж байв. Түүнээс хойш тус сантай холбоотой мэдээллүүд олон нийтэд эрчимтэй хүрч, улмаар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нарын тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, НПГ-т хянаж буй билээ. Эл хэргийн явц ар араасаа хөвөрсөн дуулиануудад дарагдан олны анхаарлаас алсрах шахаж буй. Гэхдээ АТГ, прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлэл хүргэж байсан юм. Хууль хяналтын байгууллагаас явуулж буй хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад чухам юу тогтоогдоод байгааг уншигчдадаа дэлгэрүүлэн хүргэе.
АРДЫН ХҮҮХДЭД АНХНААСАА ЗОРИУЛААГҮЙ
Дэлхий дахинд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх болон Боловсролын зээлийн сан нь улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан, шилдэг боловсон хүчнийг бэлтгэсэн сайн жишээ олон. Тиймдээ ч эдгээр сан манай улсад байх ёстой. Гэтэл энэ санг байгуулахдаа эрх мэдэлтнүүд анхнаасаа ардын хүүхдэд зориулаагүй гэхэд хилсдэхгүй. Харин ардын хүүхэд, тэдний эцэг, эхчүүдийн татварын мөнгөөр олигархиуд үр хүүхдээ сургаж, үе залгамжлан төрийн эрхэд байх боломжийг бүрдүүлэхийг санаархсан гэхэд хэтийдсэн болохгүй биз. 1993 оноос эхлэлтэй тус сангийн гадаадын шилдэг их, дээд сургуульд зээл, тэтгэлгээр суралцахад зориулсан хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, эргэн төлүүлээгүй асуудал өдгөө олны анхааралд байгаа. Энэ сангаас зээл авахыг хүссэн жирийн иргэдэд олддоггүй, харин эрх мэдэлтнүүд үр хүүхдээ сургаж, түүгээр ч зогсохгүй эргэн төлүүлэлгүй чөлөөлүүлж чадаж байсан нь олны дургүйцлийг төрүүлсэн билээ.
Эл сангийн зээлээр гадаадад суралцах боломж эгэл жирийн айлын хүүхдүүдэд тэр бүр олдоод байдаггүй нь тавьсан шалгуур, олгох журамтай нь холбоотой. Тухайлбал, нэн тэргүүний шаардлага нь англи хэлний мэдлэг өндөр байх. Эгэл жирийн айлын хүүхдийн сурдаг ерөнхий боловсролын сургуульд англи хэлийг хэддүгээр ангиас, долоо хоногт хэдэн цаг үздэг билээ. Уншигч авхай та гадарлаж байгаа нь лавтай. Тэгвэл улс төрчид, мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд, хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүдийн олонх нь нэгдүгээр ангиасаа л өндөр төлбөртэй, англи хэлээр үйл ажиллагаа явуулдаг, өдөр бүр энэ хичээл заадаг сургуульд суралцдаг. Гэртээ хариад англи хэлтэй, филиппин голдуу үйлчлэгчтэй харилцдаг. Долоо хоногийн долоон өдөр англи хэл заалгасан, гэртээ байнга давтсан хүүхдүүд, хоёр өдөр дөрөвхөн цаг хичээл үзсэн болсон нөхөдтэй өрсөлдөөд өндөр оноо авах нь мэдээж. Энэ мэт шалгуураас авхуулаад эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд л Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр суралцах нөхцөлийг бүрдүүлсэн байгаа юм. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхэд Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Энэ сангийн хөрөнгөөр суралцагчийн хувийн хэрэгт англи хэлний түвшнийг тогтоосон оноог бичээгүй, суралцагч эх орондоо буцаж ирээгүй, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, зээлийн барьцаа хөрөнгө бүртгүүлээгүй буюу барьцаанд хөрөнгө тавихгүйгээр авсан зэрэг зөрчил илэрсэн” хэмээн онцолж байсан. Үүнээс үзэхэд, тус санг хариуцсан үе үеийн дарга нар олигархиуд, эрх мэдэлтэн, мэдээлэлд ойр албан тушаалтнуудад давуу байдал олгож байснаас ардын хүүхдийн олонх нь гадаадад энэ сангийн тэтгэлгээр суралцаж чадаагүй бололтой.
БОЛОВСРОЛЫН ҮЕ ҮЕИЙН САЙД НАР УИХ-ААС ДАВУУ ЭРХ ЭДЭЛЖ БАЙВ
Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаадад 3069 хүн суралцсан байдаг бөгөөд үүнд татвар төлөгчдийн 230.1 тэрбум төгрөгийг зарцуулсан нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгаж буй хэргүүдээс тодорхой болсон байна. Авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэгт 28 мөрдөгч ажиллаж, таван прокурор хяналт тавьж буй юм билээ. Ахлах комиссар Ч.Жаргалбаатарын мэдээллээс үзвэл эл сантай холбоотой мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлтийн найман хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн санг удирдаж байсан албан тушаалтнууд бусдад давуу байдал олгодог, албан үүрэгтээ хайнга ханддаг, албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцсан 3069 суралцагчийн хувийн хэргийг шаардахад 2900 хүний материал гарч ирсэн бөгөөд заримынх нь материал дутуу, бүрдэл хангалтгүй байв. Хууль сахиулах байгууллагын ажлын хэсгийнхэн 1997-2023 оны хооронд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцсан 3000 гаруй хүний хувийн хэрэг, сонгон шалгаруулалттай холбоотой 349, санхүүгийн баримт, тайлан багтсан 152 хавтас материалыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн хураан авч, үзлэг шалгалт хийж буй юм билээ. Мөн суралцагч, тэдний ар гэрийг төлөөлсөн 1627 хүнээс тайлбар авсан бөгөөд улс төрчид, тэдний гэр бүлийн гишүүд ЭЦА, АТГ-т дуудагдан мэдүүлэг өгсний дотор өнөөгийн Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий хүн ч багтсан байна.
Тус сангаас зээл, тэтгэлгээр суралцуулах анхны журам 2000 онд батлагдаж, сургуулиа төгссөнөөс хойш 10 жилийн хугацаанд зээлийг төлж барагдуулахаар тусгасан байдаг. Энэ хугацаанд сурсан мэргэжлээрээ гавьяа байгуулсан, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг зээлийн төлөгдөөгүй хэсгээс нь чөлөөлөх байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар 941 хүний зээлийг долоон сайд үндэслэлгүйгээр чөлөөлснийг тогтоосон. Тэднийг зээлээс чөлөөлөхдөө сайд болгон л тушаалдаа “Эх орондоо таван жил үр бүтээлтэй ажилласан” гэсэн байдаг. Тэр хүмүүсийг нь судлаад үзэхээр эх орондоо ирж ажиллагаагүй, журамд заасан гавьяа байгуулсан нь тогтоогдоогүй 377 иргэнийг зээлээс чөлөөлсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сайд нар 941 хүний 47.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын зээлийн чөлөөлсөн нь тодорхой болжээ. Энэ чөлөөлөгдсөн 941 хүний зээлийг чөлөөлсөн шийдвэр хууль, журмын дагуу гарсан, эсэх, эдгээр суралцагч болон тэдний хамаарал бүхий хүмүүс эрх мэдэлтнүүдэд нөлөөлж өөрсдөдөө болон үр хүүхдэдээ давуу байдал олгуулсан, үгүйг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг ажлын хэсгийнхэн үргэлжлүүлж буй юм.
Эл сангийн зээлтэй холбоотой дуулиан өнгөрсөн тавдугаар сард олны анхааралд өртсөнөөс хойш зарим эрх мэдэлтэн өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн зээлийг төллөө хэмээн “шоудаж” байсныг уншигчид санаж байгаа. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар 125 зээлдэгч 1 021 000 ам.долларын зээлээ төлсөн гэдгийг НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Ц.Гансүлд өгүүлсэн юм.
Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцагчдын зээл, зээлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг УИХ-аас журам гаргаж, шийдвэрлэх хууль баталсан. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлээгүй, харин үе үеийн сайд нар УИХ-аас давуу эрх эдэлж зээлийг нь чөлөөлж байжээ. Угтаа бол Боловсролын зээлийн сангаас авсан зээл эргэн төлөгдөж, дараа, дараагийн суралцагч түүнээс авах боломжийг бүрдүүлэх ёстой атал тус сангийн удирдлага болон боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын үе үеийн гишүүдийн эрх мэдлээ урвуулж, хэтрүүлсэн үйлдлээс болж тэгш хүртэх нөхцөл үгүй болсон аж.
Д.ГАРДИ 30-ААД ХҮНД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛСӨН ГЭВ ҮҮ
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийнхэн мөрдөн байцаалтын хоёр хэргийг шалгаж байгаа талаар дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, хоёр албан тушаалтныг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм. Түүний нэг нь эл сангийн хамгийн сүүлийн захирал Д.Гарди. Д.Гардид 2022 оны наймдугаар сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Ингэхдээ өнгөрсөн оны 4-6 дугаар сард өөртөө үр дүнгийн урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж, 800-гаад мянган төгрөг төсвийн хөрөнгөөс авсан. ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт 32 мянган ам.долларын зээлээр суралцсанаа 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн байж болзошгүй хэд хэдэн үйлдэл нь тодорхой болсон гэнэ.
Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 70 дугаартай тогтоолын I хавсралтад Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журмыг баталсан байдаг. Эл журмын 4.4 дэх хэсэгт “Сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж байгаа суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд энэ журмын 4.1-т заасан гэрээг сунгаж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно” гэж заасан. Мөн Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 14-ний 346 дугаар тогтоолын III хавсралтаар Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталсан. Уг эрх зүйн баримт бичгийн 3.5 дахь хэсэгт “Журмын 2.1.17, 2.1.18-д заасан суралцагч өмнөх улиралд 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй үнэлэгдсэн байх тохиолдолд төлбөрийн зээлийг үргэлжлүүлэн олгоно” гэж заасан. Гэтэл мөнөөх Д.Гарди гадаадын их, дээд сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдад санхүүжилт олгохдоо 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй үнэлэгдээгүй, суралцагчийн дүнгийн мэдээлэл, хувийн хэргийг ирүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 30-аад хүнд 421 530 ам.доллар буюу 1.4 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлэх шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон гэнэ. Энэ 30-аад хүний дотор эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд байж болзошгүй учраас нарийвчлан шалгаж байгааг эх сурвалжууд хэлэв.
П.ЛХАГВАСҮРЭН ХҮҮХДИЙНХЭЭ ЗЭЭЛИЙН БАРЬЦААГ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Боловсролын зээлийн сантай холбоотой мөрдөн байцаалтын нөгөөх хэрэг нь захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнгийн үйлдэл аж. Тэрбээр 2008 онд Австралийн Сиднейн их сургуульд сурахаар тус сангаас 47 010 ам.долларын зээл авсан нь нээлттэй мэдээллээр ил болсон. Түүнийг өмнө нь АТГ-ынхан шалгаж, хүүгийнхээ нэр дээр байгуулсан “Мосс” гэх компанид 129.8 сая, оюутны замын зардал, буцалтгүй тусламжид өгөх ёстой байсан 157 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэм буруутайг шүүх тогтоож, 17.6 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байв.
Тэгвэл одоо хууль сахиулах байгууллагад шалгаж буй Боловсролын зээлийн сантай холбоотой үйлдэл нь хүүхдэдээ давуу байдал олгосноос үүдэлтэй аж. Тодруулбал, П.Лхагвасүрэн нь Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байхдаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан аж. 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулуулсан гэнэ. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү нь Австралийн Сиднейн технологийн их сургуульд суралцах эрх үүссэн байж. Уг сургуульд суралцахаар болсон хүүтэйгээ 2016 оны есдүгээр сард гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг П.Лхагвасүрэн байгуулсан гэнэ. Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагдаагүй Шинэ өмнөд Уэльсийн их сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт хүү Л.Түмэндэлгэртээ олгож давуу байдал үүсгэсэн гэнэ. Үүгээр ч зогсохгүй Шинэ өмнөд Уэльсийн их сургуульд сурч байхад нь зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолын барьцаалбарыг хүчингүй болгосон үйлдэлд холбогдон байцаагдаж буй аж. Энэ мэтээр мэдээлэлд ойр байдаг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийнхөө үр хүүхдийг сургасан явдал нь ард түмнийг бухимдуулахаас ч аргагүй.