Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралджээ. Хуралдаанаар Хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийн талаарх хэлэлцүүлэг хийв.
Хэлэлцэж буй асуудлын талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас ДАН системээр баталгаажсан нийтийн өргөдөл гомдлын цахим системийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээлтийг нь хийж, ДАН системээр баталгаажсан 389 иргэн, 453 нийтийн өргөдөл, санаачилгаас шаардлага хангасан 48 иргэний нийтийн өргөдөл цахим системд нийтлэгдэн, иргэдийн саналыг авч байна. Нийт 405 өргөдлийн давхардал, болон агуулгаар нь авч үзвэл 50.6 хувь буюу 205 нь Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэхтэй холбоотой саналууд байсан. Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, CEO клуб, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагуудаас УИХ-ын даргад хандан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлснийг үндэслэн энэ саналуудыг нэгтгэж, 2020 оны аравдугаар сарын 18-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна сэдэвт нийтийн өргөдлийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын албан ёсны программ хангамж D-платформын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системээр дамжуулан гаргасан. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн байдлаар 6 хоногийн хугацаанд 101817 иргэн уг асуудлыг дэмжин саналаа ирүүлсэн тул Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 1 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын 4.1 дэх хэсэгт заасны дагуу санал авах ажиллагааны үр дүнг Төсвийн байнгын хороонд хүргүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, CEO клуб, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг олон нийтийн байгууллагуудаас ирүүлсэн албан бичигт олон улсын туршлагыг үндэслэн далд эдийн засгийг бууруулах, татварын албаны албанд мэдээллийг хуваалцах зорилгоор цахим хэтэвч болон төлбөр тооцооны хэрэгслийг шинээр амжилттай нэвтрүүлж, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, и-баримтын олголтыг нэмэгдүүлэх замаар иргэдийн оролцоог хангах, и-баримтын шинэчлэлийг хэрэгжүүлэх, урамшууллын хувийг 50 болгон нэмэгдүүлж, сугалаа тохирлын урамшууллыг цуцалж, дижитал хэтэвч, дуу, дүрст чат зэрэг технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх замаар хүрэх үр дүн нь Татварын ерөнхий газраас хийсэн танилцуулгад үндэслэсэн гэж байлаа.
Түүнчлэн дээрх тооцоо судалгаа, баримтууд болон Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан далд эдийн засаг, и-баримтын олголтын холбогдох судалгаануудыг гаргуулан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үүнд үүрлэсэн булхай луйвар, авлига хээл хахуулийн асуудлыг илчлэх замаар НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх боломжтойг танилцуулгадаа онцолсон юм.
Дараа нь Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5-д “Байнгын хороо энэ хуулийн 94.2-т заасны дагуу тухайн асуудлыг хэлэлцээд бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай гэж үзвэл санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж заасныг тодотгоод Байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсныг мэдэгдлээ. Мөн тэрбээр, 100 мянган иргэд оролцож, аливаа асуудалд саналаа дэвшүүлж байгаа нь том дэвшил гэдгийг дурдахын зэрэгцээ уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсныг танилцуулав.
Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “АН аливаа татвар, төрийн дарамтыг багасгахад санаачилгатай ажилладаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь буураагүй ч, буцаан олголт нь 5 хувь болгох санаачилгыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байна. Гэхдээ НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэх асуудал сайжрахгүй, Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг 5 болгон бууруулж байж татварын бааз суурь нэмэгдэнэ” гэсэн санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь “Татварыг үе шаттай бууруулах асуудлуудыг бодлогоор хийх нь зүйтэй. Төсөв өргөн барьсны дараа Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх нь төсвийг бужигнуулсан бүтэлгүй алхам” гэдгийг дурдаад “Асуудлын хүрээнд Ажлын хэсэг байгуулахдаа ирээдүйд үүсэх үр дагавар, бодит нөхцөл байдлыг судална гэдэгт үйл ажиллагааг нь чиглүүлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсөв батлах хуулийн хугацаа 14 хоног үлдээд байгааг тодотгоод цаашид Байнгын хороо энэ асуудалтай холбогдуулан хуулийн төсөл боловсруулах эсвэл энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулаад тогтоолын төсөл гаргах эсэхийг тодруулав. Түүнчлэн уг асуудалд эрдэмтэн, судлаачдын саналыг сонсох, иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд нийтийн сонсголыг зохион байгуулж, эдийн засгийн тооцоо, судалгаагаа, эерэг, сөрөг үр дүнг нь ил тод ярилцах шаардлагатай гэж байлаа.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариултдаа, 100 мянга гаруй иргэдийн саналыг УИХ-ын цахим системээр дамжуулж авсан. Иргэд тодорхой хуулийн төслөөр санал гаргах эрх нь нээлттэй. Тухайн асуудлыг судалж, хуулийн хүрээнд эдийн засгийн тооцоо, судалгаа, дүн шинжилгээ хийж, дараагийн шийдлийг гаргах үүрэг нь УИХ-д байгааг онцлов. Мөн тэрбээр, “Байнгын хороо ажлын хэсэг гаргаад хуульд заасан хувилбаруудаас судалж үзэж нухацтай тооцоо, судалгаа хийж, шийдлийг гаргая. Шаардлагатай бол асуудлыг УИХ-д танилцуулж, тогтоол болон бусад шийдвэрийн төсөл боловсруулж, шийдүүлж болно” хэмээх нэмэлт тайлбар өгөв.
Хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийн дагуу уг асуудлаар болон татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон 12 гишүүнээс найм нь дэмжлээ.
Тогтоолын төсөлд ажлын хэсэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татварын ногдуулалт, төлөлт, тайлагналтыг сайжруулах, эдийн засгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг татвартай холбоотой эрхзүйн орчин, татварын тогтолцоонд үнэлэлт дүгнэлт өгч, дүн шинжилгээ хийн, татварын шинэчлэл хийх саналаа Төсвийн байнгын хороо, Улсын Их хуралд танилцуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах чиглэлийг тусгасан байв.