Иргэд Хөвсгөл нуурт тор тавьж, хууль бусаар загас барих тохиолдол сүүлийн үед гарах болсныг тус хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Өнгөрсөн сарын 28-нд завьтай иргэн нэг км орчим урт, томоохон хэмжээний тор тавьсан нь хамгаалалтын захиргааны камерт бичигджээ. Байгаль хамгаалагчид тухайн газарт цаг алдалгүй очиж, торыг нь авхуулсан ч 50 гаруй загас хорогдсон байсан гэнэ.
Засгийн газраас Хөвсгөлийг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлд ихээхэн анхаарч, нуурын ёроолд живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг үе шаттай зохион байгуулж буй ч орон нутгийн иргэд, аялагчид ийм байдлаар байгальд хохирол учруулсаар байгаа аж. Иймд тусгай хамгаалалттай газрынхан тогтмол хяналт шалгалт, эргүүл хийж эхэлжээ. Ташрамд дурдахад, жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэлх хугацаанд орон даяар загас барихыг хориглодог бол улсын тусгай хамгаалалттай бүсэд агнуур хийх нь бүх үед хуулиар хориотой.