Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 04-ний өдрүүдэд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод оролцогч талуудын 5 дахь удаагийн бага хурал зохион байгуулагдаж байна.
Тус хуралд конвенцод нэгдэн орсон Улс орнуудын төлөөлөгчид, Засгийн газрын болон НҮБ-ын салбар байгууллагууд, холбогдох ТББ-уудын 800 гаруй төлөөлөгч ирсэн ба Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Дулмаа, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал Б.Цацрал нар оролцож байна.
Монгол Улс мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын үзэл санааг эхнээс нь дэмжиж, 2013 онд конвенцод нэгдсэн ба 2015 онд Монгол Улсын Их Хурлаар тус конвенцыг соёрхон баталсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар Мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон байна. 2019 онд улсын хэмжээнд хийсэн мөнгөн усны ялгарлын тооллогын дүнгээр Монголд мөнгөн усны бохирдол бүхий шинэ газрууд илрээгүй байна.
Алтны бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдол, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, Засгийн газрын үүрэг амлалтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор planetGOLD Монгол төсөл 2019 оноос хэрэгжиж байна. Тус төслийн Удирдах хороог Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд удирдан ажиллаж байна. Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮББОХ болон НҮБАҮХБ хэрэгжүүлж, Алтны бичил уурхайн зөвлөл БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр гүйцэтгэдэг.