БОАЖЯ, Ойн газар, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх чиглэлд анхаарч байгаа аж. Үүний хүрээнд тус салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн “Од тоб”, “Агро форест” ХХК-д Ойн газраас усалгааны иж бүрэн систем бүхий хүлэмж, гурван төрлийн өрөм бүхий модны нүх ухагч, таван морины хүчин чадалтай хөрс сийрүүлэгч багажийг өчигдөр хүлээлгэн өглөө.
Аж ахуйн нэгжид дээрх байгууллагууд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхдээ мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн шаардлага, шалгуур тавьж буй гэнэ. Дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд дээрх агентлагаар дамжуулан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар тодорхой хэмжээний тарьц, суулгац нийлүүлэх үүрэг хүлээж буй аж. Мэргэжлийн байгууллагуудыг ингэж дэмжсэнээр ойжуулалт, нөхөн сэргээлтэд шаардлагатай, Монгол орны хөрсөнд ургуулсан, стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэнбайна.