БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 онд 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол гэх байршлуудад ажиллалаа. Тус газарт хийгдэж байгаа нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцахад 1079 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэжээ. Үлдсэн 150 га талбайг арваннэгдүгээр сард гүйцээхээр төлөвлөөд байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд, төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын төлөөлөлтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, хариуцлагагүй уул уурхай, бичил уурхай, хууль бус ашигт малтмал олборлолтоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн ажлын явцын талаар танилцуулж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайг ойжуулах, ургамалжуулах ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийх талаар зөвлөжээ.
Нөхөн сэргээлтийн ажлын үр дүнд Их харганатын голын голдирол бүрэн сэргэсэн байна.Ингэснээр зөвхөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2023 онд нийт 1627 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 онд улсын хэмжээнд уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон газрын тооллогыг зохион байгуулж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтыг тусгасан.
Экологийн цагдаагийн алба, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны дүнд 2020-2022 онд нийт 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийлгэсэн. Энэ онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уурхай, хууль бус уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 398.7 га талбайд “Оюу толгой” ХХК-иар техникийн нөхөн сэргээлтийг хийлгэж хүлээн авсан байна.