Ойрхи Дорнод дахь нөхцөл байдалтай холбоотойгоор алтны ханш үргэлжлэн өсөв. Улмаар эл металлын үнэ гурван долоо хоног дараалан дээшиллээ. Хэдийгээр голлох валютуудын эсрэг ам.долларын ханш чангарсан хэвээр буй ч найдвартайд тооцогддог шар металлын эрэлт, үнэ өссөнийг OANDA компанийн ахлах шинжээч Крейг Эрлам тодотгожээ. Томоохон хэрэглэгч Энэтхэгт өмнөх долоо хоногт фестиваль болсонтой холбоотойгоор алтны худалдан авалт нэмэгдсэн нь ханшид мөн нөлөөлсөн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурал энэ долоо хоногт болох бөгөөд ямар шийдвэр гаргахыг хөрөнгө оруулагчид хүлээж буй аж. Баасан гарагт үнэт металлын спот ханш өнгөрсөн тавдугаар сарын дундаас хойш байгаагүй өндөр буюу 1.2 хувиар дээшилснээр унци нь 2009 ам.доллартой тэнцсэн юм. Палестины ХАМАС бүлэглэл Израил руу энэ сарын 7-нд довтолсноос хойш унци алтны үнэ 8.5 гаруй хувиар(150 ам.доллар) нэмэгдсэнийг “Reuters” уламжиллаа.