Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэлх 204 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил олон жил улиг болж, араасаа өчнөөн хэл ам дагуулсан билээ. 2019 оны зургаадугаар сарын 18-нд анх хуучин замыг нь хуулж, өргөтгөж шинээр тавих ажлыг эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш эл замыг ашиглалтад оруулалгүй дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрч, түр замаар зорчиж байсан иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол ч гарч байлаа. Бас зам барих аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахын тулд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан хээл хахууль авч, “цүнхний” гэх компанид давуу байдал олгосон явдал ч илэрхий болсон юм. Гэвч энэ бүхний дараа Дархан-Уул аймаг хүртэлх замын дөрвөн урсгалыг нээж автомашин явуулахад бараг бэлэн болжээ. Бараг гэсний учир нь замын хөвөө, тэмдэг тэмдэглэгээ зэрэг ажлыг арванхоёрдугаар сарын 15 гэхэд хийж дуусгах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Баянголын гүүрний өргөтгөл шинэчлэлийн ажлыг ирэх жилийн урин цагт хийснээр энэ зам бүрэн ашиглалтад орж, Улсын комисс хүлээн авах юм. Энэ голын гүүрний ажил саатсан шалтгаан нь өнөө жилийн ус ихтэй бороо, үертэй холбоотой аж. Голын ус татрах, өөр голдирлоор урсгалыг нь явуулах зэрэг ажил хийхийн тулд хугацаа алдсаныг замын гүйцэтгэгч компанийнхан хэлж буй юм.
Харин олон нийтийн сүлжээнд замын тэмдэг, тэмдэглэл хийхгүй, гэрэл тусгаарлагч тавихгүй байгааг шүүмжилж иргэд үзэл бодлоо илэрхийлэх болсон. Замын барилгын ажил бүрэн гүйцэд дуусаагүй, эгнээ тусгаарлах болон гялбаанаас хамгаалах хаалт суурилуулах, хөвөө, ирмэгийг цэвэрлэх, усны далан, шуудууг засах ажлыг арванхоёрдугаар сарын 15 гэхэд хийж дуусгах учраас жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, түр тавьсан тэмдэг, тэмдэглэлийн заалтаа мөрдөн хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж зорчихыг зам барьж буй компаниудын төлөөлөл, хяналт тавьж байгаа Азийн хөгжлийн болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ажлын хэсгийнхэн сануулж байлаа.
ЗУЗААН, ӨРГӨН НЬ ЗААСАН ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ БАЙВ
Улаанбаатар-Дархан-Уул чиглэл бол манай улсын хойд, баруун хойд талын аймаг, сумуудын иргэд, ОХУрууявжбуйтээврийнхэрэгслүүдзорчдог, ачаалал ихтэй 204 км гаруй зам. Жирийн өдрүүдэд хоногт 10-12 мянга, баяр ёслолын үеэр 20-35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог өндөр ачаалалтай байдаг. Энэ замын нэг хэсгийг нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-МОН-3679/3786” зээлийн хөрөнгөөр барьж буй. Нөгөө хэсгийг нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа билээ.
Энэ замыг барих ажил удааширсан нэг шалтгаан бол дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай холбоотой. 2020, 2021 онд цар тахал дэгдэж, Монгол Улс хилээ хааснаар гадаадаас орж ирэх ажиллах хүч буюу хятад ажилчид төлөвлөсөн хугацаандаа ирээгүй. 2022 оны барилгын улиралд 76, 2023 оны урин дулаан үед нийт 81 хоног бороотой байсан зэргээр ажил удааширч байсан аж.
Түүнчлэн энэ чиглэлийн замыг бүгдийг нь хуулсныг шүүмжлэх иргэд бий. Замын суурь бүтэц буюу далан шороог өргөтгөж Европын стандартын дагуу тавихын тулд бүгдийг нь хуулахаас өөр аргагүй байж. Нийт 22 метр өргөнтэй, хоёр зорчих хэсэг бүхий дөрвөн эгнээтэй болгохын тулд доод суурийг нь өргөтгөж, шинээр тавьжээ. 30 см зузаан доод үе дээр цементээр бэхжүүлсэн 20 см хөрсөн суурийг тусгай тоноглол бүхий техникээр тавьж, түүний дээд давхаргад цементээр бэхжүүлсэн 20 см буталсан чулуун суурь хийсний дараа 10 см зузаантай асфальт бетон хучилт хийсэн аж. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, ЗТХЯ-ны Автозамын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, АХБ, ЕСБХБ-ны зөвлөх, хяналт тавих багийн ахлагч тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн бямба гарагт Дархан-Уул аймаг хүртэлх замын барилгын ажлын явцтай танилцсан юм.
Энэ үеэр замын зорчих хэсэг буюу асфальт бетоноор хучсан замын нэг урсгалынх нь өргөнийг хэмжихэд есөн метр 16 см байв. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээсээ 16 см-ээр илүү гэсэн үг. Эл хучилтын зузааныг “Кор” хэмээх тусгай төхөөрөмж ашиглан өрөмдөж дээж аван хэмжсэн юм. Замын эргэлт, тойрог хэсэгт асфальт цутгагч машин алдаа гаргаж нимгэн байх магадлал өндөр гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн-2” оршуулгын газрын ойролцоо “Арж капитал” ХХК-ийнхны тавьж буй аюулгүй тойргийн замын хучилтыг хэмжсэн юм. Ингэхэд асфальт бетон хучилт 11.6 см гарсан нь байх ёстой хэмжээнээс 1.6 см-ээр илүү аж. Өөрөөр хэлбэл, монгол дарга өргөнөөс нь, хятад дарга зузаанаас нь иддэг гэдэг нэг хэлц бий болоод байсныг энэ зам үгүйсгэх боломж бүрдүүлжээ. АХБ-наас санхүүжүүлж буй замд хяналт тавьж байгаа зөвлөх багийн ахлагч Анил Чопра “Замын асфальт хучилтын зузаан 10 см-ээс илүү гарч байна. Энэ нь зам зураг төсвийн дагуу тавигдаж байгаа гэсэн үг. 10 см-ээс бага зузаантай гарсан тохиолдол ховор. Ийм тохиолдол гарвал бид гүйцэтгэгчийн өөрсдийнх нь хөрөнгөөр хуулуулж дахин тавиулдаг. Манай багийнхан өдөр бүр хяналт тавьж байгаа учраас зөрчил гардаггүй” гэсэн юм.
ЕВРОП СТАНДАРТЫН ДАГУУ ДУУ ТУСГААРЛАХ ХАНА БАЙГУУЛАХЫГ ШААРДАЖ БУЙ Ч ИРГЭД ЭСЭРГҮҮЦЖЭЭ
Улаанбаатар-Дархан-Уулчиглэлийн замд 26 аюулгүйн тойрог хийж буй юм билээ. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгааг албаны хүмүүс тайлбарласнаас гадна ЕСБХБ-наас тавьж буй шаардлагад ч нийцэж буй аж. Өөрөөр хэлбэл, дөрвөн урсгалтай замаас салж, ойролцоох суурин газар, амралт, зуслан, оршуулгын газар зэрэг рүү орохын тулд бусдын хөдөлгөөнд саад учруулах, хурдтай явж буй автомашинууд осол гаргах магадлал өндөр. Тиймээс тойрог хөдөлгөөнөөр нөгөө урсгал руу шилжиж, замаас гарах боломж бүрдүүлсэн гэнэ.
Ташрамд өгүүлэхэд, ЕСБХБ-наас тавьж буй шаардлага бол төв суурин газраас хол, орц, гарц багатай хэсэгт ачаалал ихтэй тууш зам барихыг эрмэлздэг гэсэн. Түүгээр ч зогсохгүй Европын стандартын дагуу дуу чимээ тусгаарлах ханыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дахь 361, 384-ийн гарам буюу Партизан, Баруунтурууны суурьшлын бүсэд тавих ёстой гэж шаардсаныг гүйцэтгэгч компанийнхан хэлж байв. Харин тухайн хэсгийн оршин суугчид “Биднийг замаар хуваачихсан байж дахиж хана барьж бүр илүү тусгаарлаж, хөдөлгөөнийг минь хязгаарлах гэлээ” хэмээн дургүйцэж хүлээн авсан гэнэ.
Налайхын замыг эс тооцвол Дархан-Уул аймаг хүртэлх 204 км гаруй замын ажил орон нутгийн бусад чиглэлийнхээс 2-3 дахин илүү ажиллагаатай юм билээ. Орон нутгийн замд хөрс, буталсан чулуун суурь, таван см зузаан асфальт бетон хучилт хийгээд ашиглалтад хүлээж авдаг. Харин Налайхын замыг арай өөр технологиор буюу Дархан-Уулынхтай адилхан барьсан аж. Өмнө дурдсан олон см зузаан суурь хийснээс гадна дөрвөн эгнээ болгож өргөтгөсөн нь замын хэмжээг 408 км гаруй гэж зарим хүн хэлэхэд хүргэж буй юм билээ. Өөрөөр хэлбэл, сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замтай байсныг нэг талынх нь урсгал хоёр, нийт дөрвөн эгнээтэй болгож нэмэгдүүлсэн нь 408 км гаруй зам барьж байна гэж хэлж болохуйц болсон байна. Түүгээр ч зогсохгүй орон нутгийн нэг км зам барих ажлаас даруй гурав дахин их ажиллагаатай болсон юм билээ. Замын барилгын ажил олон шалтгааны улмаас хойшилж, 2022 оны зургаадугаар сараас энэ оны аравдугаар сарыг дуустал 18 сарын хугацаанд үндсэн ажлаа хийж дуусгаж буй аж. Барилгаар бол одоо дотоод заслын ажилдаа орж байгаа юм.
Өдгөө Дархан-Уул хүртэл зорчиж буй автомашинууд нэг урсгалаас нөгөөд шилжин, хоёр эгнээгээр нь сөрөг хөдөлгөөнөөр зорчиж буй. Зарим газар нь замаа бүрэн хучиждууссан, нэг хэсэгт нь дуусаагүйтэй холбоотойгоор энхэл донхол байсан юм. Хөвөө, түвшин нь өөр байгаа ийм замд донсолгоо нэлээд байв. Энэ бүхнээ ирэх сарын 10 гэхэд засаж дуусган дөрвөн эгнээгээр нь тээврийн хэрэгслүүдийг зорчуулах юм билээ. Эл замаар зорчиж буй иргэд “Бүрэн ашиглалтад оруулаагүй, Улсын комисс хүлээж аваагүй энэ замд хурдаа тохируулж явах хэрэгтэй. Сөрөг хөдөлгөөнөөр зорчуулж байгаа энэ үед шөнийн цагаар осол гаргах явдал гарч байна. Жолооч нар хурдаа тохируулахгүй, гэрлээ шилжүүлэхгүй, стандарт бус гэрэл машиндаа суурилуулж, нөгөө урсгалаас ирж буй жолооч нарын нүдийг гялбуулах зэрэг явдал гаргасаар буй нь осол гарах үндэс болдог гэж үзэж байгаа. Тиймээс замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээж байлаа.
Зам барихын тулд ойролцоох газраас нь их хэмжээний чулуу, хайрга олборлож ашигласан. ЕСБХБ-ныхны зүгээс элс, хайрганы кариер, өнгөрсөн хугацаанд бий болгосон сайжруулсан шороон замыг маш сайн нөхөн сэргээхийг шаардаж байгаа аж. Тиймээс замын компаниуд арванхоёрдугаар сар гартал кариеруудаа нөхөн сэргээхийн тулд эгц доош ухсан хэсгүүдээ хамгийн багадаа 60 градусын налуутай болгож, хуучин өнгөн хөрсийг нь сэргээн суулгаж, олон наст ургамлын үр цацахад бэлэн болгох зэрэг ажлаа хийсээр байх юм билээ. Юутай ч олон жилийн настай, хэл ам дагуулсан Дархан-Уулын зам ирэх жил бүрэн ашиглалтад орох боломж бүрджээ.