Палестин-Израилийн мөргөлдөөн хурцадснаас хойш амиа алдсан хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоо өнөөдрийн байдлаар 27-д хүрсэн тухай олон улсын сэтгүүлчдийг хамгаалах хороо (CPJ) мэдээллээ.
Тус хорооны цахим хуудаст бичсэнээр "27 сэтгүүлч нас барсны 22 нь Палестин, дөрөв нь Израиль, нэг Ливаны иргэн" байжээ.
Үүнээс гадна найман сэтгүүлч бэртэж, есөн сэтгүүлч сураггүй алга болсон гэж тэмдэглэжээ.
10-р сарын 7-нд Палестины ХАМАС хөдөлгөөний цэргийн жигүүрээс зарласан "Аль-Аксагийн үер" ажиллагааны хүрээнд Израиль Газын зурвас талаас урьд өмнө үзэгдээгүй том хэмжээний пуужингийн цохилтод өртсөн.
Үүний дараа ХАМАС-ын дайчид Израилийн өмнөд хэсэгт орших хилийн бүсэд нэвтэрч, цэргийн болон энгийн иргэд рүү гал нээж, мөн хүмүүсийг барьцаалсан байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Израильд 1.4 мянга гаруй хүн, түүний дотор 300 цэргийн албан хаагч амиа алдаж, 5 мянга гаруй хүн шархаджээ.
Үүний хариуд Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурваст ХАМАС бүлэглэлийн эсрэг “Төмөр сэлэм” ажиллагаа явуулсан юм. Хэдхэн хоногийн дотор Израилийн арми Газын зурвастай хил залгаа орчмын бүх хүн ам суурьшсан бүс нутгийг хяналтандаа авч, зурвас дахь барилга байгууламж, тэр дундаа энгийн иргэд рүү агаараас цохилт өгч эхэлжээ. Израиль мөн Газын зурвасыг бүрэн бүслэхээ мэдэгдэн хоол хүнс, ус, цахилгаан, эм тариа, түлшний нийлүүлэлтийг зогсоов.
Газын зурваст дахь хохирогчдын тоо 7 мянга давж, 18 мянга гаруй хүн шархадсан гэж орон нутгийн Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Талуудын нутаг дэвсгэрийн ашиг сонирхолтой холбоотой Палестин-Израилийн мөргөлдөөн олон арван жилийн турш бүс нутагт хурцадмал байдал, тэмцлийн эх үүсвэр байсаар ирсэн. 1947 онд НҮБ-ын шийдвэрээр Израиль, Палестин гэсэн хоёр улсыг байгуулахыг тодорхойлсон боловч зөвхөн Израилийг бий болгосон юм.