Сэрүүн бүсийн навчит, шилмүүст ой бүхий 16 аймгийн 93 сум, нийслэлийн таван дүүрэг, заг, тооройн нөөцтэй говь, цөлийн найман аймгийн 41 сум манай улсын ойн санг бүрдүүлдэг гэнэ. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 40 хувийг эзлэн оршдог говь, цөлийн бүсэд, Говь-Алтай аймгийн хэмжээнд заган ой бүхий сум нэгээр нэмэгдсэнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас мэдээллээ. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаач, доктор А.Хауланбек тэргүүтэй судлаачид ойн санг бүртгэх, нөхөн сэргээх ажлын хүрээнд Хөхморьт сумын нутаг, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Нисдэг эрэг, Зөөхий хэмээх газарт ургаж буй заган ойг улсын ойн санд шинээр бүртгэжээ. Ташрамд дурдахад, манай улсын говь, цөлийн бүс дэх ойн санг бүрдүүлдэг заг, сухай, хайлаас зэрэг модлог ургамал нь тархцын хувьд бага боловч бүс нутгийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг аж.