Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, манай улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөн “Түншлэлийн форум-2023” нэрийн дор өчигдөр боллоо. Эл төслийг хэрэгжүүлсэн сүүлийн таван жилийн хугацаанд зорилтот нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг сая га бүхий 11 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, баданга хүдэр, халиун буга, монгол тарвага, улаан гоёо зэрэг ховор, нэн ховор амьтан, ургамлыг сэргээн нутагшуулан, 4500 га ойд цэвэрлэгээ, шавж устгалын ажил хийжээ. Мөн зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор 48 булаг, шандын эхийг хамгаалж, нарны өргүүртэй дөрвөн худаг гаргасан аж. Байгаль хамгаалагчид болон ойн мэргэжлийн байгууллагынхныг чадавхжуулах, шаардлагатай техник хэрэгслээр хангахад ч багагүй хөрөнгө зарцуулсныг БОАЖЯ-ныхан онцоллоо.
Эл төслийг байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээр, ойн доройтлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 15 сумд хэрэгжүүлж буй. Зөвлөгөөнд эдгээр аймаг, сумын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, нөхөрлөл, хоршоодын гишүүн 200 гаруй хүн оролцсон юм. Төслийн зорилтыг хангахын тулд бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь чухал гэдгийг оролцогчид энэ үеэр хөндлөө.