Хөгжлийн банкнаас 2018 онд 500 сая ам.долларын дүнтэй, 7.25 хувийн хүүтэй “Евро” буюу “Ди Би Эм 2023” бондыг Засгийн газрын баталгаагүй, бие даан олон улсын зах зээлд гаргасан. Тус бондыг Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэйгээр олон улсад нээлттэй арилжиж байв. Улмаар зохистой өрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор тус банкны ТУЗ-ийн тогтоолын дагуу “Ди Би Эм 2023” бондоос худалдан авч тухай бүрт нь хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Үүний хүрээнд 2022 оны аравдугаар сараас хэсэгчлэн буцаан худалдан авч, 99.7 сая “ногоон”-ы нэрлэсэн дүнтэй бондыг хүчингүй болгосон аж. Тэгвэл бондын үлдэгдэл мөн хүүгийн төлбөрийг хугацаанд нь буюу энэ сарын 23-нд багтаан төлсөн байна. Ташрамд дурдахад, 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй “Евро” бондыг төлөх хугацаанаас нь өмнө 92.4 “ногоон”-ы жигнэсэн дундаж үнээр худалдан авч байснаар төлбөрийн хэмжээг тодорхой дүнгээр бууруулж буйгаа өмнө нь Хөгжлийн банкнаас мэдээлж байлаа.