Ойрхи Дорнод дахь зөрчлийг шийдэхийг хичээхдээ АНУ ёстой л холион бантан хутгаж байна гэж Франс-Прессийн тоймч бичсэн байх юм. Чухам энэ бүс нутагт Америкийн явуулж буй бодлого өнөөгийн цус урсгасан дайнд хүргэлээ гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
30 жил явуулсан Америкийн бодлого чухам яагаад сүйрэл авчрав? Израилчууд хийгээд палестинчууд амь үрэгдэгсдийнхээ төлөө гашуудаж, сураггүй бологсдын тухай шинэ мэдээлэл сонсогдохыг айдас хүйдэстэй хүлээж байгаа ч буруутныг олох эрмэлзэл нь асар хүчтэй байна. Израилчууд болон түүнийг дэмжигчид бүх бурууг Израилын иргэд рүү гэнэт довтолсныхоо төлөө хариуцлага хүлээх нь гарцаагүй болоод байгаа ХАМАС-т тохохыг хүсэж байна. Палестинчуудын тэмцлийг дэмжигчид энэ эмгэнэлт явдлыг өөрийн харьяат нартаа Израил олон жил харгис хэрцгий хандаж, нутаг усыг нь эзэгнэж ирсний зайлшгүй үр дүн гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь болохоор буруутан олон гэж үзэж байхад нэг талыг нь огт буруугүй, нөгөө талыг нь болсон бүхний хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж буй хүмүүс шударгаар хандах чадвараа алдчихаад байна. Хэн илүү буруутай вэ гэх маргаанд толгой нь эргэчхээд Израилын сионистууд, Палестины арабуудын хооронд сунжраад байгаа зөрчилд дам, их сул ч гэлээ нөлөө үзүүлж буй бусад чухал шалтгааныг бид мартаад байна. Өнөөгийн хямралын үед ч бид энэ бусад шалтгааныг хараанаасаа алдах ёсгүй, яагаад гэвэл тэдний үр дагавар нь одоогийн дайн байлдаан дууссаны дараа удаан хугацаанд байсаар байх болно.
Энэ шалтгаан хаанаас эхэлсэнюм бол? Их маргаантай асуудал. 1896 онд хэвлэгдсэн Теодор Герцлийн “Еврейн улс” гэдэг номд байна уу? 1917 оны Бальфуртын тунхаглалаас эхлэв үү? 1936 оны Арабын бослогоос үүсэлтэй юм уу? Палестиныг 1947 оноос хуваах гэсэн НҮБ-ын төлөвлөгөөнөөс үү? 1947 оны Араб-Израилын дайнаас уу, эсвэл 1967 оны Зургаан өдрийн дайнтай холбоотой юу? Тоймч Стивен Уолт болохоор АНУ Ойрхи Дорнодод дангаар ноёрхох гүрэн болж, Америкийн эрх ашигт үйлчилдэг бүс нутгийн журам тогтоосон 1991 оноос эхлэх ёстой гэсэн бодолтой байгаа аж.
Эхний шалтгаан нь Персийн буланд 1991 онд болсон дайн, түүний мөрөөр зохион байгуулсан Мадридын энхийн бага хурал юм. Америкийн цэрэг, дайны хүчин чадал, дипломат ур чадварыг энэ дайн сэтгэл сэртхийтэл харуулжээ. Чухам энэ бүхний ачаар бүс нутгийн хүчний тэнцвэрт аюул учруулах гэсэн Саддам Хусейний заналхийллийг зайлуулж чадсан байна. ЗХУ тарж бутрах нь холгүй болсон, АНУ залуурын хажуу дахь суудлыг тухтайяа эзлээд байв. Тухайн үеийн Ерөнхийлөгч эцэг Жорж Буш, Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер болон Ойрхи Дорнодын туршлагатай баг 1991 оны аравдугаар сард олдсон боломжийг ашиглан Израил, Сири, Ливан, Египет, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг болон Йордан-Палестинытөлөөлөгчдийг оролцуулан энхийн бага хурал хийлгэв.
Энэ бага хурал гойд үр дүн үзүүлээгүйгээр барахгүй энхийн гэрээ байгуулахад ч хүргээгүй юм. Гэхдээ тухайн бүс нутагт энхийн дэг журам тогтоох дорвитой ажлын үндсийг тавьсан гэж хэлж болно. Мадридын бага хуралд нэг айхтар дутагдал байсан нь ирээдүйн олон төвөгтэй асуудлын үрийг суулгасан юм. Бага хуралд Ираныг уриагүй, үүний хариуд Израилыг хүлээн зөвшөөрдөггүй хүчнүүдийн уулзалт Иран зохион байгуулж, урьд нь төдийлөн хайхардаггүй байсан ХАМАС, “Исламын жихад” гэх мэт Палестины бүлэглэлүүдтэй ойртож эхэлжээ. Трита Парси гэдэг хүн номдоо тэмдэглэснээр “Иран өөрийгөө бүс нутгийн тэргүүлэх зэргийн гүрэн хэмээн үзэж, хэлэлцээрийн ширээнд сууна гэж бодож байлаа. Учир нь Мадридын бага хурал нь “Израил-Палестины зөрчилдөөнд зориулсан арга хэмжээ төдийгүй Ойрхи Дорнодод шинэ дэг журам бий болгоход чухал үйл явдал” гэж үзэж байжээ.
Мадридад болсон бага хуралд Тегераны үзүүлсэн хандлага үзэл суртлын биш, стратегийн шинжтэй байсан бөгөөд хэрэв өөрийнх нь эрх ашгийг харгалзаж үзэхгүй бол бус нутгийн шинэ дэг журам тогтоохоор гаргаж буй хүчин чармайлтыг нь таслах чадалтайгаа АНУ болон бусад оронд харуулахыг хичээж байлаа. Энэ ньч ёсоор болов. Амиа золиослогчдын алан хядах ажиллагаа болон хэт даврагчдын хүч хэрэглэсэн энэ мэт үйлдэл Осло дахь яриа хэлэлцээг тасалдуулж, ийм замаар байдлыг зохицуулахаас Израилыг татгалзахад хүргэв. Цаг хугацаа өнгөрөх тусам Иран, Өрнөдийн харилцаа улам бүр муудаж, харин ХАМАС, Иран хоёрын хэлхээ холбоо бэхжив.
Хоёр дахь шалтгаан нь, үйл явдлын гайтай давхцал байлаа. 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядах ажиллагаа үйлдэж, 2003 онд Иран руу АНУ довтлов. Иракийн баасистууд палестинчуудын тэмцлийг янз бүрийн байдлаар дэмжиж байсан ч Ирак руу довтлох шийдвэр нь Израил-Палестины зөрчилдөөнд шууд бус хамааралтай байв. Саддамыг унагаж, Иракийн үй олноор хөнөөх зэвсгийн аюулыг зайлуулбал энэ нь Америкийн хүчин чадлыг дайснуудад нь сануулж, алан хядах үйлдэлд бүхэлд нь цохилт болж, Ойрхи Дорнодод ардчилсан өөрчлөлт хийх нөхцөлийг бий болгоно гэж Жорж Бушийн засаг захиргаа үзэж байлаа.
Тэгтэл Иракт сунжирсан зөрчилтэй Америк тулгарч, Ираны стратегийн байдал ихээхэн сайжрав. Хүчний харьцаанд гарсан ийм өөрчлөлт Саудын Араб олон Персийн булангийн бусад улсын сэтгэлийг түгшээв. Ираны зүгээс учруулж болзошгүй аюулын тухай төсөөлөл бүс нутгийнхны харилцаанд үлэмж өөрчлөлт бий болгож эхэллээ. Эдгээрийн дотор Арабын зарим улс Израилтай тогтоосон харилцаагаа эргэж харахад хүргэв. Иран цөмийн зэвсэгтэй болох ажлаа нууцаар эхлүүлэв.
Ерөнхийлөгч Дональд Трамп дээд зэргийн шахалт үзүүлэх бодлого явуулснаар гурав дахьгол шалтгаан бий боллоо. Ухвар мөчид энэ шийдвэр хэд хэдэн аюултай үр дагавартай байлаа. Хамтын ажиллагааны төлөвлөгөөнөөс АНУ гарснаар Ираныг цөмийн хөтөлбөрөө шинэчлэн сэргээж, цөмийн зэвсэгтэй болоход улам бүр дөхөм болгов. Үүнээс үүдэн саудчууд ч өөрийн цөмийн дэд бүтэцтэй болохыг сонирхох болжээ. Ираны зүгээс аюул нэмэгдэж байна гэх бодол нь Израил болон Персийн булангийн зарим улсыг аюулгүй байдлын салбарт дорвитой хамтран ажиллах зам руу түлхэв.
Дөрөв дэх үйл явдал нь Авраамовын хэлэлцээ гэгч байв. Энэ нь хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гарах тухай Трампын шийдвэрийн логик үр дагавар байлаа. Авраамовын хэлэлцээ нь Трампын хүргэн, стратеги сонирхогч Жаред Кушнерийн оюун ухаанаас ургасан үр жимс юм. Энэ нь Израил, Марокко, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Суданы харилцааг хэвийн болгоход чиглэсэн хоёр талын хэлэлцээний бүхэл бүтэн цуврал арга хэмжээ байжээ.
Байдены засаг захиргаа ч үндсэндээ энэ л замаар явав. Хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд эргэж нэгдэнэ гэсэн сонгуулийн өмнөх амлалтаа эс хайхран Байден Израилтай харилцаагаа хэвийн болгохыг Саудын Арабт ятгахад гол хүчин чармайлтаа гаргаж байв. Аюулгүй байдлыг нь Америк баталгаажуулж, цаашдаа цөмийн технологитой болгож ч болзошгүй гэсэн амлалтад өгч буй хариу байлаа.
Гэхдээ энэ чармайлт Израил-Палестины зөрчилдөөнд төдийлөн хамааралгүй, гол нь Саудын Арабыг Хятадтай ойртуулахгүй байхад чиглэж байв. Америкийн өндөр албаны удирдах хүмүүс, Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн кабинетын хүсэж байсан юм нь Палестины ганц ч бүлэглэл энэ үйл явцыг тасалдуулахгүй, палестинчуудын амаргүй хувь тавиланд анхаарлаа дахин хандуулахгүй байх явдал байлаа.
Франс Прессийн тоймч өгүүлэлдээ тэмдэглэснээр энхийн үйл явцыг амжилтад хүргэхийг АНУ хүсэхгүй байсан нь тав дахь хүчин зүйл байв. Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг орон бөгөөд нэг туйлт ертөнцийн оргил дээр зогсож байгаагийн хувьд хоёр улсын шийдвэр гэгчийг илүүд үзэж байдгаа мэдэгддэг байлаа. Гэвч одоо хэр нь ийм байдалд хүргэхэд хэзээ хэзээнээс илүү хол байгаа төдийгүй ердөө боломжгүй зүйл юм. Хятад, Орос, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил, Иран болон бусад улс эрх мэдэл нь тэгш хуваарилагдсан олон туйлт ертөнц төлөвшүүлэхийг нээлттэй уриалж байна. Тэд өөрийнх нь дүрмийг бусад нь сахиж, уг дүрэм санаанд нь нийцэхгүй болохоор түүнийг хайхрахаа байх эрхийг хадгалж үлдэх, Америк “халж, солигдохгүй гүрэн” байдаг биш дэлхийд аж төрөхийг хүсэж байна.
Тоймч цааш нь “Ойрхи Дорнодыг л хараатахдаа. АНУ энэ бүс нутгийг 30 гаруй жил ганцаар захирсан, тэгээд юу өгөв. Бид Ирак, Сири, Судан, Йеменд өдөөсөн хөнөөлт дайны л гэрч боллоо шүү дээ. Ливан арай л гол нь тасраагүй, Ливид анархи байдал амь бөхтэй, алан хядагч байгууллагууд хэд хэдэн тивд айдас хүйдэс төрүүлж, Иран атомын бөмбөгтэй болдгийн босгон дээр очоод байна. Израилд аюулгүй байдал үгүй, палестинчуудад аюулгүй байдал ч, шударга ёс ч алга боллоо. Бүхнийг хийх эрхийг Вашингтонд олгосноор бид юунд хүрснийг харцгаа. Америкийн удирдлага юу хийхээр төлөвлөсөн байлаа ч ядаж өөрсдөө нааштай үр дүнд хүрэх ухаан дутаж буйгаа нэг бус удаа батлаад байна”.
Америкийн засаг захиргааныхан Ойрхи Дорнод хаашаа хөдөлж буйг огт ойлгохгүй байна. Байден, Төрийн нарийн бичгийн дарга Блинкен нарын одоогийн “гэгээн үйлсийн” эцсийн үр дүн нь аравдугаар сарын 7-ноос (Израил руу ХАМАС довтолсон өдөр) өмнөх байдал руу эргэж очвол бусад нь тэднийг гайхан харж, толгойгоо сэгсэрч, өөр арга зам хайх цаг болжээ гэсэн дүгнэлт хийх болно.
Бэлтгэсэн: Р.Жаргалант