Мазаалайг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах, сурталчлан таниулах бодлого, төлөвлөгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран эл амьтны лого бүтээх уралдаан зарласан билээ. Бүтээл хүлээн авах хугацаа өчигдөр дуусахад 20 гаруй хүн логоны эх загвараа илгээжээ. Шүүгчид тэдгээрээс говийн баавгайн онцлогийг тусгасан, Монголыг олон улсад сурталчлан таниулах бэлгэдэл бүхий, товч, ойлгомжтой загвартай нэг бүтээлийн эзнийг шалгаруулж 10 сая төгрөгөөр урамшуулах аж. Мөн тухайн логог говийн баавгайг сурталчлах зорилгоор Монгол болон олон улсад бүх хэлбэрээр ашиглах оюуны өмчийн эрхийг зохиогчоос шилжүүлэн авах юм.
Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу манай улс мазаалай хамгаалах цогц ажил хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард анхдугаар хурлаа хийхдээ мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, эл амьтныг үндэсний бахархал болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр хэмээн үндэсний хэмжээнд зарлах зэрэг санаачилга гаргасан. Тэгвэл цаашид мазаалайтай холбоотой бүх арга хэмжээг зохион байгуулж, сурталчлахдаа уралдаанаас шалгарсан логог ашиглах нь. Ташрамд дурдахад, эл ажлын хэсэг говийн баавгайг хамгаалах нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж цэгцлэх, уялдуулах чиглэлээр өдгөө ажиллаж буй гэнэ.