Дорнод аймгийн Матад сумын төвөөс Зүүн хойд зүгт 140км зайд өчигдөр 21 цаг 16 минутанд 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Үүнээс өмнө уржигдар буюу аравдугаар 23-ны өдрийн 22:17:43 цагт мөн Матад сумын Мэнэн багийн “Цагаан чулуун” гэдэг газраас зүүн хойд зүгт 138 км-т 1 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар онцгой байдлын байгууллагад ирүүлсэн аж.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна. Он гарсаар Дорнод аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн аж.