Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймагт энэ сарын 22-нд ой, хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Лүн багийн нутагт хээрийн түймэр дэгдэж, онцгой байдлын алба хаагчид хоёр цаг гаруй ажиллаж унтраасан байна. Түймэрт 425 га талбай өртжээ. Түүнчлэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутагт ой, хээрийн түймэр гарсан байна. Үүнд 0.5 га талбай өртсөн бөгөөд орон нутгийн онцгой байдлын албаныхан өнгөрсөн ням гаргийн 20.59 цагт галыг бүрэн унтраажээ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт тухайн өдрийн 13.20 цагт ойн түймэр гарсан байна. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудтай хамтран галыг унтраахаар өчигдөр газар дээр нь ажиллаж байлаа. Түймэрт 15 га ой шатсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Ташрамд дурдахад, жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаа нь хуурайшилтын буюу ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй үед тооцогддог. Тиймээс энэ үед ой, хээрийн түймрээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Бэлтгэсэн: М.Оч