Ардчилсан нам (АН)-ын тамганы маргаан сүүлийн 2-3 жил үргэлжилж, шүүхээр хэлэлцэгдэн дуулиан болж байсан цаг саяхан. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд 2022 оны дөрөвдүгээр сард хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, “Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын албан тушаалтнууд илтэд нэг талыг баримталж, хууль зөрчин, АН-ын тамга тэмдгийг нэг өдрийн дотор үндэслэлгүйгээр, ажлын цаг дууссаны дараа бүртгэсэн. АН-ын дарга асан С.Эрдэнэ тамга тэмдгийг гээгдүүлсэн, алга болгосон гэх үндэслэлээр УБЕГ-т өргөдөл гаргаж авсан.
Энэ мэтээр хамгийн багадаа 200 мянга, дээд тал нь 10 сая төгрөгийн хахууль авч улсын бүртгэлд өөрчлөлт оруулж байсныг хууль сахиулагчид тогтоогоод буй юм. Үүнээс үзэхэд УБЕГ-ын зарим албан тушаалтан ийм ханшаар “урамшуулал” авч хуулиар хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлдэг гэхэд хилсдэхгүй нь.
АН-ын тамга тэмдгийг хаяж үрэгдүүлээгүй учраас шинээр тамга авч УБЕГ-т бүртгүүлэх шаардлага байхгүй. Гэтэл С.Эрдэнэ гэх хүн энэ намыг хоёр тамгатай болгох ажлыг санаатайгаар хийсэн” хэмээгээд АТГ-т шалгуулахаар өргөдөл гаргаж байсан билээ. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, улмаар өнгөрсөн оны есдүгээр сараас УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Д.Чинтулга нарыг шалгаж эхэлсэн юм.
Зөвхөн энэ хоёр хүнээр тогтохгүй, УБЕГ-ын харьяа нийслэлийн дүүргүүд дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нараас цөөнгүй хүн эрүүгийн хэрэгт холбогдож, АТГ-ын үүдийг сахиж, зарим шүүхээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлсэн нь бий. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд, гэргий Х.Янжингаажид нарын гэрлэлтийн бүртгэлийг устгасан гэх захиргааны хэргийг шүүх шийдвэрлэж, гэрлэлтийг нь хүчинтэй гэж үзсэн. Харин өдгөө эл гэрлэлтийн баталгааг хууль бусаар хүчингүй болгосон албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгах нь тодорхой. Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Золзаяа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ган-Утас, хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан С.Энхчимэг, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн услын бүртгэгч О.Оюунгэрэл, Н.Мөнх-Эрдэнэ зэрэг албан тушаалтны холбогдсон өөр өөр үйлдэлтэй хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй УБЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой үйлдлүүд ч бий. Түүнчлэн НПГ-аас Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүллээ. Тэрбээр иргэн З-д өөр хүний нэр, мэдээлэл бүхий гадаад паспорт гаргаж өгөхийн тулд хахууль авсан хэрэгт холбогдсон нэгэн.
Тэгвэл одоо УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Д.Чинтулга тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дэнслэхээр товлоод байна. Уг нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэх байсан ч зарим шүүгдэгчийнх нь өмгөөлөгч нар ирээгүйгээс ирэх сарын 17-ныг хүртэл хойшлуулсан юм. Тиймээс АН-ын тамганаас улбаатай УБЕГ-ынхны авлигын хэрэг шүүхийн дэнсэнд дэнжигнэж байгаа гэхэд хилсдэхгүй.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭХЭД ХАХУУЛЬ ӨГДӨГ ЖИШИГ ТОГТСОН УУ
УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдоржид холбогдох үйлдлийг мөрдөгчид шалгаад бусдаас хахууль авсан баримт цуглуулсан аж. Тэрбээр Г.Батмөнх гэдэг бүртгэгчийнхээ хамтаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлийн өөрчлөлтийг бүртгэхийн тулд хахууль авсан гэнэ. Тэдэнд М.Бүрэндүүрэн, М.Нямсүрэн нар хахууль өгч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчийг өөрчлүүлэхээр хандсан аж. Үүнийхээ шан харамжид 2022 оны зургаадугаар сард багагүй хэмжээний мөнгө өгсөн байна.
УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Монголжингийн хамтаар Ж.Нямдорж бас л нэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэхийн тулд хахууль авсан гэж буруутгагдаж буй юм билээ. Шинээр бүртгүүлж буй ийм аж ахуйн нэгжийг бүртгэхийн тулд Г.Эрдэнэбаяр гэх хүнээс 2022 оны долдугаар сард үлэмжхэн “шагнал” авч, бүртгэсэн гэнэ. Тус газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нямсүрэн, Ж.Нямдорж нар хамтарч, Я.Батцоож гэдэг хүний гадаад паспортыг гаргаж өгөхийн тулд багагүй мөнгө халаасалсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар илэрхий болсон байх юм.
2022 оны есдүгээр сард АТГ-ынханд зэрэг шалгуулж эхэлсэн, Д.Чинтулгатай хамтарч хэд хэдэн хүний үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж бүртгэсэн аж. Тэдэнд Г.Цацрал, Т.Энхцэцэг, Д.Баясгалан нар наймдугаар сард нь 10 сая төгрөгийн хахууль өгч орон сууцын талбайн хэмжээг өөрчлүүлсэн гэнэ.
Ж.Нямдорж Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Б.Батзоригтой нийлэн Д.Оюун-Эрдэнэ гэдэг хүний аж ахуйн нэгжийн нэрийг өөрчлөхийн тулд бас цөөнгүй төгрөгийн “урамшуулал” авсан байх юм.
Иргэн Ч.Ганчимэгийн эзэмшлийн компанийн үйл ажиллагаа эрхлэх хугацаанд өөрчлөлт оруулахын тулд бас л шан харамж авчээ. Ж.Нямдорж багахан хэмжээний мөнгө аваад нэр дурдсан хүний аж ахуйн нэгжийг хугацаагүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болгочихсон гэнэ.
Энэ мэтээр хамгийн багадаа 200 мянга, дээд тал нь 10 сая төгрөгийн хахууль авч улсын бүртгэлд өөрчлөлт оруулж байсныг хууль сахиулагчид тогтоогоод буй юм. Үүнээс үзэхэд УБЕГ-ын зарим албан тушаалтан ийм ханшаар “урамшуулал” авч хуулиар хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлдэг гэхэд хилсдэхгүй нь.
НПГ-аас УБЕГ-ын ажилтнууд болох Ж.Нямдорж, улсын бүртгэгч М.Монголжин, Г.Батмөнх, Д.Чинтулга, Б.Батзориг нарт Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсгийн хясан боогдуулж хахууль авсан, тус газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нямсүрэнд эл зүйл заалтаас гадна 22.5-2-ын нийтийн албан тушаалтан хахууль өгсөн, иргэн М.Бүрэндүүрэн, Я.Батцоож, Г.Эрдэнэбаяр, Г.Цацрал, Д.Оюун-Эрдэнэ, Ч.Ганчимэг нарт Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн Д.Баясгалан, Т.Энхцэцэг нарыг хахууль өгснөөс гадна мөнгө угаасан гэж яллагдагчаар тооцжээ. Харин АН-ын тамгыг шинээр гаргаж өгсөн гэх хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өнгөрч буй бололтой.