“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд ойн салбарт 7000 гаруй мэргэжилтэн шаардлагатай гэсэн тооцоог холбогдох байгууллагаас гаргасан байдаг. Тиймээс Засгийн газар ойн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч, МУИС, ХААИС зэрэг сургалтын байгууллагатай хамтран энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-тай хамтран цэргийн алба хаагчдыг ойн чиглэлээр сургах “Ойжуулагч” мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн алба хаасан залуусын 40 гаруй нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд ойжуулагч болон тракторын механикч мэргэжлээр суралцаж, гэрчилгээгээ гардсан талаар ЗХЖШ-аас мэдээлэв. Ингэснээр тэд ойн салбарт ажиллаж, тэрбум мод тарих үйлсэд хувь нэмэр оруулах боломж бүрджээ.