Үндэсний аудитын газраас эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтэд гүйцэтгэлийн аудит хийжээ. Уг аудитыг өнгөрсөн оны эцсийн дүн мэдээлэлд тулгуурлан хийсэн бөгөөд цөөнгүй зөрчил илрүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагууд 2021 оноос эхлэн гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа юм. л тогтолцоо, хяналтыг сайжруулах шаардлагатай гэж дээрх байгууллагаас дүгнэжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн орлогыг бодит тооцоололд үндэслэн төлөвлөөгүйгээс алдагдал үүссэн байна. Санд өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гаргасан ч гүйцэтгэл нь 1.2 их наяд байжээ. Харин зардал нь үүнээс давж, 1.4 их наядад хүрсний улмаас 255.4 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн аж. Алдагдлын шалтгаан нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж болон ажилчдын төлөх шимтгэлийн орлогын бүрдүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүйтэй холбоотой гэнэ. Түүнчлэн зардлын хэмжээ 2020 оныхоос нэг их наяд гаруй төгрөгөөр давсныг аудитын байгууллагаас онцлов.
Сангийн 2022 оны жилийн эцсийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 170.3 тэрбум төгрөг байжээ. Үүний 88.4 тэрбумыг нь Төрийн сангийн дансанд, 81.9 тэрбумыг нь арилжааны банканд байршуулсан аж. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) нь Монголбанкнаас тогтоосон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй “Чингис хаан” банканд 30.9 тэрбум төгрөг байршуулж байсан гэнэ. Уг мөнгийг даатгалын санд буцаан төвлөрүүлж, зөрчлийг арилгах албан шаардлагыг дээрх байгууллагад хүргүүлжээ. Түүнчлэн ЭМДС-гийн тухайн жилийн төсвийн найман хувьтай тэнцэх хэмжээгээр Эрсдэлийн сан байгуулахаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заажээ. Ийнхүү хуульчилсан ёсоор бол 2022 онд Эрсдэлийн санд 116 тэрбум төгрөг хуримтлуулах ёстой байж. Гэтэл үүний 10 хувьд ч хүрэхгүй буюу 9.6 тэрбум төгрөгийг л дээрх санд үлдээсэн юм байна.
“Ковид-19”-тэй холбоотойгоор ЭМДС-гаас 2021 онд 619, өнгөрсөн жил 126.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл цар тахлын эмчилгээ, оношилгоонд үзүүлсэн зарим тусламж, үйлчилгээ, санхүүжилтийн мэдээллийг ЭМДЕГ цахим системдээ огт бүртгээгүйг аудитаар илрүүлсэн аж. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүн амыг тодорхойлоогүй, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажил хийгээгүйг аудитын байгууллагаас тодотгожээ. Түүнчлэн даатгалын цахим системийн ажиллагаа доголдолтой, ачаалалтай байгааг дурдав. Тиймээс эрүүл мэндийн даатгалын цахим сангийн дүрмийг батлуулж, тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын мэдээллийг нэгдсэн байдлаар системд бүртгэж, ил тод байдлыг хангах шаардлагатайг ЭМДЕГ-ынханд зөвлөсөн байна.
Бэлтгэсэн: М.Оч