УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр баталж, 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо хуулийн хэрэгжилтийг хангуулахаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг баталж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг байгуулжээ. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуунаар ахлуулсан бодлогын зөвлөлд ШӨХТГ, СЗХ, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Эрүүгийн цагдаагийн алба, МҮХАҮТ, СЭЗИС, Монголын мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо ГҮТББ, Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо ГҮТББ-ын холбогдох дарга, албан тушаалтнууд гишүүдээр ажиллаж байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн анхны хуралдаан энэ сарын 16-нд буюу өчигдөр боллоо. Хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, түүний хэрэгжилт, холбогдох журмууд болон хуулиар заасан чиг үүргийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох хүүгийн дээд хэмжээг тогтоохтой холбогдуулж хийсэн зээлийн хүүгийн судалгаа, зээлийн барьцаа, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төсөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалын ерөнхий загварын төслийн талаар танилцуулж, санал солилцлоо.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо