Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зарласан “Хушин ойгоо хамгаалъя” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн 758 хүүхэд бүтээлээ ирүүлснээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Мягмарнаран тэргүүн байрт шалгарчээ. Харин хоёрдугаар байрт нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Аминсарнай, удаахад нь 11 дүгээр сургуулийн О.Халиун орсон байна.
Тусгай байрын эзнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн сурагч Б.Азжаргал тодорчээ. Энэхүү уралдааныг Монгол орны байгалийн ойн 5.5, нөөцийн 9.4 хувийг эзэлдэг хушин ойн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дээрх байгууллага “Ойн экосистемийн тогтвортой байдлыг дэмжих ногоон ой нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан аж. Уралдаанд амжилттай оролцсон эхний дөрвөн байрын эзнийг хоёр хүртэлх сая төгрөгөөр урамшуулж, “Монгол орны ой” сэтгүүлд бүтээлийг нь хэвлэх бол шилдэг 15 эсээг нийгмийн сүлжээнд цувралаар нийтлэн олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.