Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Биндэр ой” сум дундын ойн ангийнхан орон нутгийнхаа Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Баян-Адрага сумын Дуурлиг хэмээх газарт эгэл нарсны үр түүх талбай тусгаарлах ажил гүйцэтгэжээ. Ингэснээр энэ төрлийн мөнх ногоон мод тарихад шаардлагатай үрийн нөөцийг тус цэгээс түүх, хангах боломж бүрдэж байна.
Манай улсад Модны үр, ойн үрийн байнгын талбай байгуулахад тавих ерөнхий шаардлага буюу MNS6531:2019 хэмээх стандарт байдаг аж. Ойн мэргэжлийн хүмүүс энэ стандартыг баримтлан, сайн чанарын үр түүх талбайг ойн санд тусгаарлаж, байгуулдаг гэнэ. Ойн ангийнхан Баян-Адрага сумд таван га талбайд ийм газар байгуулахдаа ч үүнийг баримталжээ.
Ойн үрийн талбайг түймрээс хамгаалах зорилгоор 10 метр өргөн, 500 метр урт шороон зурвас татжээ. Ташрамд дурдахад, ойн ангиуд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон ойжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, мод, сөөгийн үрийн нөөц бүрд үүлэх зорилгоор ийм талбай байгуулахад анхаарч буй аж.
Бэлтгэсэн: Н.Мишээл