Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Ар Гүнтийн баруун хойно байрласан хогийн цэгийг тохижуулж, ойжуулах төсөл хэрэгжүүлж байна. Энэ ажлыг Улаанбаатар, БНСУ-ын Инчон хотын хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд эхлүүлжээ. Одоогоор уг газарт 100 мянган мод үрээр тарьж, 90 гаруй хувийг нь амжилттай ургуулсан гэнэ. “Мод тарих нь хэдхэн орны ажил биш болсон. Монгол Улс мод багатай орны тоонд багтдаг. Дулаарал, цөлжилт, элсний нүүдэл үүсэх эрсдэл дэлхийн хэмжээнд хэдийн нүүрлэсэн. Бидний гол зорилго нь байгалиа нөхөн сэргээх, орчноо ногоон болгоход нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмрээ оруулах юм. Энэ нь бидний танай оронд хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл.
Ар Гүнтийн ойролцоо тарьсан моднууд сайхан ургаж байгаа. Мөн “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үйлсэд нэгдсэндээ баяртай байна” хэмээн Инчон хотын Ойн нэгдлийн дарга Хон Сон Ёл манай улсад ажиллах үеэрээ онцолсон. Уг газрыг “Инчон мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” гэж нэрлэжээ. Ийм нэрийг бичсэн цэнхэр өнгөтэй зургаан самбар Төв аймгийн Батсүмбэр сум руу явах зам дагуу тодхон харагдаж байлаа. Тус байршилд ноднингоос эхлээд бүтээн байгуулалтын ажил идэвхтэй хийж буй аж. Мөн ойжуулах ажлыг өргөжүүлэн, дахин 200 га газрыг нэмэхээр төсөл санаачлагчид өнгөрсөн долоодугаар сард санал нэгдсэн гэнэ. Энд анх хогийн цэг, ойр хавийнхны саарал усаа асгадаг, нэг ч модгүй газар байж. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил нь эхэндээ оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Гэсэн ч төсөл хэрэгжүүлэгчид ажлаа зогсоогоогүй. Харин ч жил бүр мод тарих бүртээ хогийг бага багаар цуглуулж хаядаг байсныг ойролцоох амьдардаг иргэд дурдсан. Уг төслийн ажлын явцыг сурвалжиллаа.
Биднийг очиход ажилчид дор бүрнээ хуваарьт ажлаа гүйцэтгэж байв. Үүдэндээ нийтэд зориулсан, дэргэдээ цэвэрлэх байгууламж бүхий ариун цэврийн байгууламжийг 4-5 хүн барьж байсан. Тэд үүнийг энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн энэ зун мод хадгалдаг томоохон хоёр агуулах болон ажилчдын байр барьж, өргөжүүлснийг дурдсан. Нэлээд томхон, өвөрмөц хэлбэртэй гэр эндхийн оффис нь аж. Үүнийг ажлын байрны зориулалтаар дөрвөн жилийн өмнө бариулсан гэнэ. “Нури” ХХК-ийн захирал, зөвлөх агрономич Х.Лхагважаваас үйл ажиллагааных нь талаар лавлалаа. Тэрбээр “Манайх энэ ажлыг гүйцэтгэх тендерт шалгарсан юм. Бид үйл ажиллагаагаа 2018 оны аравдугаар сараас эхэлсэн. Тухайн онд хашаагаа барьж байв. 2019 оноос мод үржүүлэг болон тарих ажлаа эхлүүлсэн. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар дөрвөн том хүлэмж барьж өглөө. Эдгээр хүлэмжид хуш модны үр, голт бор, шинэс, шилмүүс, хайлаас, нарс, навчит мод зэрэг холимог модны үрсэлгээ хийдэг. Энэ ажлыг “Тэрбум мод” хөдөлгөөнөөс ч өмнө эхлүүлж байлаа.
Одоо “Тэрбум мод”-нд нэгдэж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, нийслэлийн Байгаль орчны газартай хамтарч ажилладаг. Энэ жил 200 га газраар хүрээгээ тэллээ. Учир нь анхны төлөвлөгөөгөөр 10 жилд 100 мянган мод тарих байсан. Гэтэл бид таван жилийн хугацаанд эдгээрийг тариад бараг дууслаа. Бүгдийг нь үрээр тарьсан. Нөхөн тарилтаа хийгээд, ургалт 90 гаруй хувьтай байгаа. Одоогоор Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд энд байгууллага, хамт олон, хувь хүмүүс сайн дураараа ирж, мод тарьж байна. Тэд жилд 10 000 мод тарьдаг. Мөн хавар, намрын улиралд БНСУ-ын Инчон хотоос албаны хүмүүс болон сургуулийн сурагчид ирж, 2000 орчим мод тарьж хэвшээд байна. Манай ажилчид энэ жил 20-30 мянгыг тарилаа” гэв.
Хүлэмжийн дээврийг нарнаас хамгаалж, хар торон сүүдрэвч барьжээ. Тэнд ороход 1-3 жилийн хугацаанд үрээр тарьсан хуш, нарс, шилмүүс модны суулгацыг тавиур дээр өрж, гялгар цаасаар бүтээсэн байлаа. Хүлэмж бүрт хэмжээгээр нь ялган төрөлжүүлж тавьсан тул ургамлуудыг насаар нь танихад хялбар харагдсан. Гурван нас хүрсэн суулгац бусдаасаа арай биежсэн учир хөрсөнд суулгах боломжтой аж. Мөн үрээр тарьсан ийм суулгацууд амьдрах чадвар сайтай байдгийг ажилчид нь онцолсон. Нэг хүлэмжид ойролцоогоор 100 000 суулгац бий гэнэ. Тэгэхээр дөрвөн хүлэмжид 400 000 суулгац ургуулж буй бололтой. Талбайд тарьсантайгаа нийлээд бараг 500 000 мод болохоор аж. Навчит мод хурдан ургадаг бол шилмүүст нь арай удаан гэнэ. Гадаах талбайдаа гурван худагтай бөгөөд эндээс усаа хоолойгоор дамжуулан, модоо усалдаг юм байна. Тиймээс усалгаа нь ямар нэгэн хүндрэлгүй гэсэн.
Энэ ажлын үр дүнг бий болгоход үе үеийн ойн инженер, мэргэжилтнүүд мөн тусалж байсныг дээрх компанийн захирал илэрхийлсэн юм. Хүрээлэнгийн талбайд энд тэндгүй модны нүх тусгай трактороор ухаж, тэмдэг тавьжээ. Талбайд даавуу, цаас, хагархай шил зэрэг цөөнгүй хог харагдсан. Эдгээрийг мод тарих бүртээ ажилчид, хувь хүмүүс, бага багаар түүж, цуглуулж хаядаг юм билээ. Зам зуурт гурван залуу талбайгаас ирж байв. Тэд Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд байгууллагаа төлөөлөн энд ирж, мод тариад буцаж байгаа аж. Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн эдгээр гурван ажилтан нийт 42 мод тарьсан гэнэ. Тэд ажлаа дуусгаад оффиссын өрөөнд байх бүртгэлийн дэвтэрт дарааллын дагуу модны тоо, байгууллагын нэр, он, сар, өдөр хаяг, утсаа бичиж үлдээсэн. Энэ өдөр тус бүртгэлийн дэвтэрт Монголын хөрөнгийн бирж, Сонгинохайрханы259 дүгээр цэцэрлэг, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн Байгаль орчны газар, Бэлчээрийн менежментийн төслийн хамт олон ирж, 1000 орчим мод тарьсан гэсэн тэмдэглэл байлаа.
Хүлэмжээс нэлээд зайтай баруун урд талбайд дөрвөн бүсгүй мод тарьж байв. Тус хүрээлэнгийн манаач, ахимаг насны эрэгтэй “Портер” машинаар ус зөөж, дөнгөж тарьсан модыг гар аргаар усалж байсан юм. Тэд эндхийн гэрээт ажилчин юм байна. “Өнөөдөр бид шинэс тарьж байна. Тавуулаа нийлээд 800 гаруй мод тарилаа. Мод тарих намрын ажил эхэлсэнтэй холбоотойгоор гаднын хүмүүс ирж, тэдэнд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажил ихсэн, ачаалал нэмэгдлээ. Тарьсан моднууд ургасны дараа харахад бидний ажил их сайхан санагддаг. Өнөөдрийн тарьсан энэ хэсэг шинэсэн төгөл болох юм. Анх ажиллахад хэцүү байлаа. Одоо ядрах нь багасаж, цэвэр агаарт бие биетэйгээ ярьж, хөгжилдөнгөө ажлаа хийдэг. Энд ажиллаад давхар мэргэжил эзэмшсэн гэж боддог юм. Одоо бид ойжуулах мэргэжилтнүүд болжээ. Их зүйл зааж сургасан удирдлагадаа баярладаг” гэж ярив. Энэ жил зуншлага сайхан, бороо хур элбэгтэй байсан нь модны ургалтад сайнаар нөлөөлсөн байна. Тэд өмнө жил ургаагүй модныхоо нөхөн тарилтыг мөн амжуулаад дуусгасан гэнэ.
Мод тарьсан ойролцоох төглүүдэд том, жижиг хэмжээтэй 20-иод самбар байрлуулжээ. Ийм самбар цааш нэлээд олон байгааг тэд тайлбарласан. Тухайлбал, “Мон ложистик” группийн ногоон төгөл, “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” ТББ-ын нэрэмжит нарсан ойн төгөл, 2023 оны тавдугаар сарын 13 гэх зэргийг самбарт бичсэн байв.