АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ХАМАС бүлгийг бүрмөсөн устгах ёстой гэж CBS телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
“ХАМАС-ын цэргийн бүлгийг бүрэн устгах шаардлагатай гэж үзэж байна уу ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Цагаан ордны тэргүүн "Тийм ээ, би тэгж бодож байна" гэж хариулжээ.
"Гэхдээ Палестины засаг захиргаа байх хэрэгтэй. Палестин улс оршин тогтнох зам байх ёстой” гэж тэр нэмж хэлсэн байна.
Байдены үгээр, АНУ олон арван жилийн турш "хоёр төрийн шийдэл" замыг баримталж ирсэн. Иорданы баруун эрэг болон Газын зурваст амьдардаг таван сая палестинчуудын хувьд Израилийн хажууд тусгаар тогтносон улс байгуулах шаардлагатай гэж тэрээр үзэж байна.
Өмнө нь Байден өөр хэд хэдэн чухал мэдэгдэл хийсэн. Тухайлбал, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнд АНУ-ын цэргүүд оролцох шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн ХАМАС-ын Израиль руу хийсэн дайралтад Иран оролцсон талаар тодорхой нотлох баримт байхгүй тул хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг тэрбээр онцолсон байна.
Үүнээс гадна Reuters агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлснээр АНУ-ын тэргүүн Израилд айлчлах боломжийн талаар хоёр улсын албаны хүмүүс хэлэлцэж байгаа аж.