Санхүүгийн тогтвортой байдлын есдүгээр сарын тайлангаас харахад Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэснээр нийт зээлийн үлдэгдэл 25.3 их наяд төгрөгт хүрч, зээлийн өсөлтийн дийлэнх хэсгийг иргэдийн зээлийн өсөлт бүрдүүлэв. Харин банкны системийн активын жилийн өсөлтийг мөнгөн хөрөнгө болон Төв банкны үнэт цаасан дахь хөрөнгө оруулалт бүрдүүлж байна. Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлийн нийт активт эзлэх хувь буурч, бизнесийн зээлийн өсөлт саарчээ. 2023 оны эхний хагас жилд банкны салбар 606.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Банкууд IPO хийсэн нь хөрөнгийн зах зээлийн идэвхжилийг нэмэгдүүллээ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсөж, 2022 оны нэрлэсэн ДНБ-ий 20.8 хувьтай тэнцжээ. Нийт арилжаалагдсан үнэт цаасны дүн өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өслөө.
Харин даатгалын компаниудын нийт хөрөнгө 2023 оны эхний хагас жилийн байдлаар байдлаар 518.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.2 хувиар өссөн бол нөөц сангийн хэмжээ 244.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 31.4 хувиар нэмэгдээд байна. Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 53.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын нийт хөрөнгө болон зээл олголт эрчимтэй тэлжээ. Тодруулбал, нийт хөрөнгө 2023 оны хоёрдугаар улиралд 3.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 24.0 хувиар, нийт зээлийн хэмжээ 3.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар тус тус өслөө.