"Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг Францад нээлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцлоо. Тэрбээр монголчуудын бахархал болсон баатарлаг өвөг дээдсийн түүх, хүн төрөлхтөнд үлдээсэн агуу их өв соёлыг БНФУ-ын Нант хотын Бретанийн гүнгийн шилтгээн – Нантын түүхийн музейд дэлгэн толилуулж, дэлхий нийтийн хүртээл болгож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Улмаар энэхүү үзэсгэлэн нь монгол хаадын албан бичиг, захидлыг дэлгэн үзүүлж, Монголын түүх, соёлын сор болсон үзмэрийг олон түмний хүртээл болгож, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг олон улсад таниулах таатай боломжийг олгож байгааг онцлов.
Чингис хаан үндэсний музей, Францын Нант хотын Түүхийн музей хамтран "Чингис хаан" үзэсгэлэнг дэлгэж буй. Үзэсгэлэнд Монгол, Францын сан хөмрөгт хадгалж буй үнэт дурсгалаас гадна Европын хэд хэдэн орнуудаас Чингис хаантай холбоотой үзмэрүүдийг авчирч дэлгэжээ. Эл үзэсгэлэнд 800 гаруй бүтээл дэлгэснээс 400-г нь Монголоос аваачсан юм байна. Улмаар энэ сарын 13-нд эхлэх эл үзэсгэлэн 2024 оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.