Нийслэлийн Аялал жуулчлалын газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хямдрал, урамшууллын аян өрнүүлэхээр төлөвлөжээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд жуулчны урсгал эрс багасдаг хүйтний улиралд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг бууруулснаар хэрэглэгчдийг татах, тогтмол орлоготой байх, өвөл идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзсэн байна. Иймд тус газар “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Өвлийн хямдрал” аянд нэгдэж, хамтран ажиллахыг хүслээ.
Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласантай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар “Visit Ulaanbaatar” аппликэйшн бүтээж буй гэнэ. Хямдралын аянд нэгдсэн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ холбоотой бүх төрлийн мэдээллээ эл системд байршуулах боломжтой аж.