“Сараана” байгаль хамгаалах төвийнхөн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийн хүрээнд Сонгинохайрхан уулын бэлд орших Хун нуур орчмын хог хаягдлыг жил болгоны хавар, намарт цэвэрлэж, жигүүртнүүдэд амьдрах таатай орчин бүрдүүлдэг уламжлалтай. Тус байгууллагынхан өнөө жил “Хун нуурын шувуудаа хамгаалъя” уриан дор дөрөв дэх удаагаа ийм аян зохион байгуулахаар тов гаргажээ.
Нүүдлийн шувуу ажиглах, судлахад тохиромжтой, нийслэлд хамгийн ойр газруудын нэгт Хун нуур тооцогддог. Харамсалтай нь, суурьшлын бүс тэлж, хотжилт эрчимжихийн хэрээр эл бүс бохирдож, доройтох болжээ. Тиймээс тогтмол цэвэрлэж, хур хог үүсэхээс сэргийлдгийг “Сараана”-ынхан онцоллоо. Тэдэнтэй нэгдэж, шувуудыг хамгаалахыг хүсвэл энэ сарын 15-нд Хун нуурыг зориорой.