“Органик-тогтвортой хөгжлийн гарц” органик үйлдвэрлэгчдийн VII чуулган зохион байгуулсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ үеэр оролцогчид бүтээгдэхүүний бодит өртгийг тооцох, хүрээлэн буй орчин, агаар, ус, хөрсний бохирдол, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж буй этгээдэд хариуцлагаа хүлээлгэдэг зарчимд шилжүүлэх, органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэх, хэрэглэгчийн мэдлэг, мэдээллийг сайжруулах талаар хэлэлцэв. 120 орчим төлөөлөгч оролцсон эл чуулганыг Азийн органик үйлдвэрлэгчдийн холбоо, Азийн бүтээмжийн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Монголын бүтээмжийн төв дэмжин ажилласан байна.
Манай улсын хүлэмжийн хийн 48.5 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас, үүний 75 гаруй хувь нь малаас ялгарч буй аж. Тиймээс органик, тогтвортой, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчимд шилжих шаардлагатайг оролцогчид хэлж байлаа. Монгол Улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний таван хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан ч одоогоор нэгд ч хүрээгүй байгаа гэнэ.
УИХ, Засгийн газраас Органик хүнсний тухай хууль, дагалдах бүх журам, аргачлал, жагсаалтыг 2016-2018 онд баталж, мөрдөж эхэлсэн. Ингэснээр манайд органик үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн орчин бүрджээ. Өдгөө Монгол Улсад хамтын 22, хөндлөнгийн баталгаажуулалтын хоёр байгууллага органик хүнсний тохирлын үнэлгээг гүйцэтгэж, Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn-д баталгаажсан органик, шилжилтийн үеийн, импортын гээд нийт 411 хүнс бүртгэлтэй байгаа аж. Дээрх хуулийг баталснаас хойш манай улсын органик салбарыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийсэн ч зорилтоо хэрэгжүүлэх, Парисын уур амьсгалын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, дэлхийн органик үйлдвэрлэлийн хөгжил болон цахим эринтэй хөл нийлүүлэх, хууль дүрэм, журам, баталгаажуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулахад анхаарах шаардлагатайг оролцогчид тодотгов.
Бэлтгэсэн: Б.Сонор