Өнгөрсөн хавар шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд тур оператор, аяллын агент болон бусад үйлчилгээний байгууллага (зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, дэн буудал)-ыг бүртгэх, ангилах, зэрэглэл тогтоох ажлыг бүх гишүүдийн хурлаар байгуулсан Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хариуцан зохион байгуулна хэмээн тусгасан. Үүний дагуу тус холбоог өнгөрсөн долдугаар сарын 21-нд байгуулсан бол мэргэжлийн байгууллагуудыг бүртгэж, зэрэглэл тогтоох ажлыг энэ сард эхлүүлэх нь. Бүртгэлтэй холбоотой зөвлөмж, мэдээллийг ирэх долоо хоногийн даваа гарагт аж ахуйн нэгж, байгууллагад цахимаар, нэгдсэн журмаар өгөх гэнэ. Ингэснээр аялал жуулчлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нэгдсэн стандарт мөрдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх боломжтой хэмээн уг холбооныхон үзэж байгаа юм. Бүртгэлээ баталгаажуулсан байгууллагуудад гишүүнчлэлийн гэрчилгээ олгох аж.