Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийж, хууль бусаар самар түүж байсан цөөнгүй зөрчил илрүүлжээ. Байгаль хамгаалагчид 12 өдрийн хугацаанд хушин ой бүхий хэсгүүдэд найман маршрутын дагуу мориор эргүүл, шалгалт хийхдээ найман отог, 20 автомашинтай 175 иргэнийг илрүүлснээс 112-ыг нь уулнаас албадан буулгасан аж. Машин нь эвдэрсэн, жолоочгүй зэрэг шалтгааны улмаас уулнаас шууд буух боломжгүй иргэдэд хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Хамгаалалтын захиргааныхан энэ үеэр нэг ширхэг галт зэвсэг хураан авч, холбогдох байгууллагынханд шилжүүлсэн байна.