АН-ынхан өчигдөр “4-11” мэдээллийн цагаараа хүүхэд хамгаалахтай холбоотой асуудал болон нууц нэрээр хийсэн гэрээ, худалдан авсан үйлдлийг ил болгох талаар байр сууриа илэрхийлэв. Монгол Улсад эрүүл, аюулгүй, амьд явах орчин үгүй болж, сүүлийн найман хоногт долоон хүүхэд амиа алдаж, хүүхэд хамгааллын асуудал улаан гэрэл асаагаад байгааг тэд онцолсон. Гэвч энэ Засгийн газар 2020 оноос хойш хүүхэд хамгаалалтай холбоотой нэг ч хуулийн төсөл оруулж ирээгүй, хөсөр хаясан хэмээн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа шүүмжиллээ. Тэрбээр “2020 онд А.Адъяасүрэн гишүүний хамтаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэр үед Засгийн газраас уг хуулийг шинэчлэн найруулж оруулж ирэх гэж байгаа гээд бидний төслийг татуулсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцсэнгүй. Тэгсэн атлаа УИХын дарга одоо гэнэт дуугарч байна. Ирэх оны улсын төсөвт хүүхэд, гэр бүл, ахмад настны хамгааллын чиглэлээр хэдэн төгрөгийн төсөв тусгаж оруулж ирэхийг харъя. Төсөв баталж байж хүүхдийг хамгаалах орчин бүрдүүлнэ. АНын бүлэг үүнийг шаардаж ажиллана” гэлээ. Мөн хүүхэд хамгааллын чиглэлийн байгууллагуудыг ажлаа хийхийг шаардсан юм. Оны эхний найман сарын байдлаар 1482 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, 65 нь амиа алдсан гэсэн статистик бий аж. Тиймээс хүүхэд хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулж, үүнд зориулах төсвийг нэмэх ёстой гэв. Түүнчлэн АН-аас ажлын хэсэг байгуулж, нийслэл хотын шууд гэрээгээр худалдаж авсан, нууцын зэрэглэлтэй ажлуудыг шалгаж, дүн шинжилгээ хийхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор иргэд, байгууллагуудаас мэдээлэл ирүүлж буй аж. Тухайлбал, 2020 оны зургадугаар сард тухайн үеийн хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн болон Эрүүл мэндийн газарт “Renault duster” загварын 90 машин хүлээлгэн өгсөн. Гэтэл одоо эдгээр машины 60 гаруй нь эвдэрч, дахин ашиглах сэлбэггүй болсныг АН-ынхан ярив. Хариуцлага тооцох эзэнгүй, үнийн мэдээллээс эхлээд бүх зүйл нь нууцын зэрэглэлд байгаа гэнэ. Тиймээс иймэрхүү “но”-той бүх худалдан авсан ажиллагааг шалгуулахаа мэдэгдлээ.