Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл нь инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт онцгойлон анхаарав. Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах дэд бүтэц, ложистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй. Иймээс Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай суурь дэд бүтцийг бий болгохтой холбоотой зорилтыг шинээр тусгажээ.
Монгол Улсын Эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өслөө. Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл ч нэмэгдсэн. Инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад суурь нөхцөл болно гэж Монголбанкнаас үзэж байна. Тиймээс инфляцыг дунд хугацаанд 6 нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөх, хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих юм.
Инфляц сүүлийн жил гаруй хугацаанд аажим аажмаар буурч, энэ оны наймдугаар сард 10 хувьд хүрсэн. Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.
Гадаад валютын албан нөөц наймдугаар сарын эцэст 3.9 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 20 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
- Экспорт сайн байгаа хэдий ч эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөв буурах хандлагатай байгаагийн зэрэгцээ,
- Төсвийн өндөр зардал импортыг өдөөж валютын гарах урсгалыг бий болгож байгаа нь төлбөрийн тэнцлийн нөхцлийг муутгаж болзошгүй болгоод байна.
Иймд улсын санхүүгийн нөөц чадавхийг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, аливаа хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоод санхүүгийн чадавхитай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлага бий.
Мөн Банкны салбарт эх үүсвэрийн зардал багатай, урт хугацаатай хөрөнгө оруулалт, ногоон, тогтвортой хөгжлийн төслийг санхүүжүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулах нь томоохон нөлөө үзүүлнэ гэж Монголбанкны зүгээс харж байна. Иймээс ирэх онд гадаадын банкны салбар, нэгж үйл ажиллагаа явуулахад тавигдах нөхцөл, шаардлагыг гадаадын банкны харьяалал, өмчлөлийн төрөл, бизнес загвар зэрэгт нь тохируулан тогтоож, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг бий болгоход анхаарна.