Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар 2022 онд улсын хэмжээнд хамгийн их ус ашигласан 10 аж ахуйн нэгжийг өчигдөр зарлалаа. Энэхүү жагсаалтын эхний тавд УСУГ (48.7 сая шоо метр), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ (19.9), “Оюутолгой” ХХК (15.9), “ДЦС-4” (7.5), “ДЦС-3” ТӨХК (5.4) орсон бол удаах байрыг “Багануур” ХК, “Шивээ-Овоо”, “Петрочайна дачин Тамсаг” ХХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК эзэлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгж нэг жилийн хугацаанд 112.1 сая шоо метр ус ашиглажээ. Энэ нь Монгол Улсын хэмжээнд ашигласан нийт усны 20 хувьтай тэнцсэн аж. Өнгөрсөн жил ус ашигласны төлбөрөөс улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлсний 36.7 тэрбумыг нь эдгээр компани (УСУГ-аас бусад) төлжээ. Үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан их хэмжээний ус ашигладаг томоохон компаниуд хэрэглээгээ багахан хувиар бууруулахад л байгалийн нөөц өд мэдэгдэхүйц хэмнэлт болно гэдгийг Усны газрынхан онцоллоо. Иймд усны нөөцийг зохистой, дахин ашиглах чиглэлд анхаарч, хамтран ажиллахыг уриалав.