Арменийн парламент аравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ромын дүрмийг соёрхон батлав. Армений улс Владимир Путиныг нутаг дэвсгэрт нь ирвэл ОУЭШ-ийн тушаалаар баривчлах шаардлагатай дэлхийн 123 улсад ийнхүү нэгдэв.
Арменийн эрх баригч “Иргэний гэрээ” фракцын 60 депутат уг дүрмийг соёрхон батлахаар санал хураалт явуулсан бол сөрөг хүчний 22 депутат эсрэг санал өгчээ.
Ромын дүрмийг соёрхон батлах тухай хэлэлцүүлэгт зөвхөн “Иргэний гэрээ” фракц оролцож, тэр даруй хуулийн төслийг батлахаар санал хураалт явуулахаа мэдэгдэв.
Сөрөг хүчний бүлгүүд тус фракцийн шийдвэрийг буруушааж, Армени улс ийм байдлаар ОХУ-тай холбоотон харилцаагаа алдагдуулж байна гэж мэдэгджээ.Тэд хэлэлцүүлгийн үеэр хуралдааны танхимыг орхин гарсан байна.
Есдүгээр сарын 11-нд Арменийн Ерөнхий сайд Пашинян Уулын Карабах дахь үйл явдлыг мөрдөн шалгахын тулд Ромын дүрмийг тус улс соёрхон баталж эхэлснийг зарласан юм. Түүний хэлснээр, Гаагийн шүүхийг оролцуулах нь "ХАБГБ / Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага/ үүргээ биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа" үед Арменийн аюулгүй байдлыг ихээхэн бэхжүүлэх юм. Ереван Уулын Карабахад юу болж байгааг үл тоомсорлож мөн юу ч хийхгүй байж чадахгүй гэж Ерөнхий сайд тэмдэглэв.
Армени улс 1999 онд Ромын дүрэмд гарын үсэг зурсан боловч батлаагүй байсан юм. Хожим тус улсын Үндсэн хуулийн шүүх уг баримт бичигт заасан үүрэг нь Арменийн үндсэн хуульд нийцэхгүй гэж хүлээн зөвшөөрчээ.
2023 оны 3-р сарын 24-нд шүүх шийдвэрээ өөрчилж, Ромын дүрмийг парламент соёрхон батлахыг зөвшөөрёөн байна.
Үүний дараахан Арменийн Үндэсний ассамблейн эрх баригч фракцийн гишүүн Гагик Мелконян гарч болзошгүй үр дагавараас сэргийлэн тус бүгд найрамдах улсад ирэхгүй байхыг Путинд зөвлөжээ. Дараа нь Арменийн парламентын дэд дарга Хакоб Аршакян Путиныг баривчлах гэсэн Ереваны санаархлыг үгүйсгээд Ромын дүрмийг соёрхон батлах нь Орос-Арменийн харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж тэр батлав.
ОУЭШ гуравдугаар сарын 17-нд Владимир Путин болон ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргажээ. Тэднийг Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргах ажиллагааг зохион байгуулсан гэж буруутгажээ. Өмнөд Африк, Герман, Австри, Молдав зэрэг хэд хэдэн улсын эрх баригчид Путиныг ОУЭШ-ын тушаалаар баривчлахаа олон нийтэд амласан.
Путиныг баривчлах тухай асуудлыг Кремль "хэт хэрцгий бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхгүй" гэж үзжээ. ОХУ нь ОУЭШ-ийн харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй, иймээс түүний бүх шийдвэр нь "хуулийн үүднээс ач холбогдолгүй" гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сануулсан юм.